СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралид “Ажиллах болон амрах” визийн өмнөх захидлын хүсэлтийг ирэх сарын 19-нөөс авч эхэлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг 2022 оны гуравдугаар сард баталсан билээ.

Ингэснээр 18-30 насны 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон юм.

Энэ жил Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн болохыг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Виз мэдүүлэхийн өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авсан байх шаардлага тавигддаг. Иймд 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээхийг сануулж байна.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

-Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

-Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт.

Гадаад Харилцааны Яамнаас захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгоно.

Захидал нь Австрали улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/  холбоосоор орж авна уу.

“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Насанбат
10 сарын өмнө
66.181.160.103

Дансандаа мөнгө байршуулах уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.