Путиныг шоглож зурдаг Оросын тэрслүү зураач Польшид буудуулан амиа алджээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг тууштай шүүмжлэгч, Оросын тэрслүү зураач, шог зураач Роберт Кузовков Польш улсын зүүн хэсэгт буудуулан амиа алдсан хэргийг тус улсын хууль хяналтынхан нарийн төлөвлөсөн аллага хэмээн шалгаж эхэллээ.
Өдгөө 44 настай, "Семён Скрепецкий" гэх нууц нэрээрээ алдаршсан тэрбээр 2026 оны зургаадугаар сарын 15-ны даваа гаргийн өглөө Беларус улсын хилээс 40 орчим километрийн зайд орших Бяла-Подляска хот дахь гэрийнхээ ойролцоох зогсоолд халдлагад өртжээ. Улс төрийн хавчлагаас зугтаж 2021 онд эх орноосоо дүрвэсэн уран бүтээлч толгой, цээж, нуруундаа нийт таван удаа буудуулан газар дээрээ нас барсан байна.
Люблин хотын Тойргийн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Марчин Козакийн мэдээлснээр, үл мэдэгдэх зэвсэгт этгээд Роберт Кузовков руу эхлээд хоёр удаа буудсан байна. Улмаар түүнийг газарт унах үед ойртож очин, ойрын зайнаас дахин гурван удаа буудаад хэргийн газраас зугтжээ. Мөрдөн байцаагчид хэргийн газраас таван ширхэг сумны гэр болон "Geco 9mm Luger" загварын нэг сумыг илрүүлэн хураан авсан байна. Хэрэг гарсны дараа Польшийн цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Бяла-Подляска хот дахь Беларусийн консулын газрын ойролцоо байсан Беларусийн 33 болон 37 настай хоёр иргэнийг саатуулжээ. Одоогоор тэдэнд албан ёсоор ял тулгаагүй байгаа бөгөөд хэрэгт ямар үүрэгтэй оролцсоныг нь тогтоохоор ажиллаж байна. Харин шууд буудан хөнөөсөн зэвсэгт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгааг цагдаагийн газраас мэдээлэв.

Роберт Кузовков нь Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Чеченийн удирдагч Рамзан Кадыров нарыг элэглэн шоолсон хурц ширүүн шог зураг, өвөрмөц уран бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн байв. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталин нялх Путиныг тэврэн зогсож буйг дүрсэлсэн шашны шүтээн зургийн элэглэл байжээ.
Тэрбээр амь үрэгдэхээсээ ердөө гурав хоногийн өмнө буюу 2026 оны зургаадугаар сарын 12-ны "Оросын өдөр"-өөр Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал хийж, өнөөх Сталин-Путины зургаа дэлгэн, Оросын төрийн далбааг өмднөөсөө уяж чирэн эсэргүүцлээ илэрхийлж байв. Мөн энэ оны эхээр тэрбээр Итали улсыг зорьж, Оросын тэрслүү "Pussy Riot" хамтлагийнхантай хамтран Венецийн биенналь дахь Оросын үндэсний павильоны эсрэг тэмцэлд нэгдэж байжээ.
Амиа алдахаас өмнөхөн уран бүтээлч өөрийн цахим хуудсаараа дамжуулан Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг дэмжигчдээс амь насанд нь заналхийлсэн ноцтой сүрдүүлэг ирж байгааг мэдээлж байжээ. Тэд түүний гэрийн хаяг болон интернэт сүлжээний IP хаягийг олж тогтоосон хэмээн сүрдүүлсэн байна.
Польшийн хууль сахиулах байгууллага уг хэргийн сэдэл, шалтгааныг тогтоохоор тусгай мөрдөн шалгах баг байгуулан ажиллаж эхэллээ. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Анджей Фижолек хэргийн нөхцөл байдал нь урьдаас нарийн төлөвлөсөн, захиалгат аллага болохыг илтгэж байгааг онцолсон ч одоогоор аллагын сэдлийг албан ёсоор зарлаагүй бөгөөд Оросын төрийн байгууллагуудтай шууд холбон тайлбарлахаас татгалзаж байна.
Эх сурвалж:
• ft.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.