БНАСАУ: Украины хямралд АНУ-ын "ноёрхлын бодлого" буруутай
Украин дахь ОХУ-ын цэргийн хүчний үйл ажиллагааны талаар БНАСАУ-ын зүгээс анхны албан ёсны мэдэгдлээ гарган, тус хямралд АНУ-ын "ноёрхлын бодлого" буруутай гэж онцолжээ.
"Украины хямралын үндсэн шалтгаан нь АНУ болон Барууны орнуудын ноёрхлын бодлогод оршиж байгаа бөгөөд тэд бусад улс орны эсрэг дур зоргоороо авирладаг. ОХУ аюулгүй байдлын хууль эрх зүйн баталгаа авах үндэслэлтэй бөгөөд шударга шаардлагыг тавьсан ч АНУ болон Барууны орнууд НАТО-г дорно зүгт тэлэхэд улайран, Европын аюулгүй байдлын орчныг сүйтгэсэн" хэмээн Умард Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлсэн байна.
Тус улс нь АНУ-ын эрх баригчдыг "давхар стандарт", "дайсагнасан бодлого"-оосоо татгалзахыг эртнээс шаардаж байгаа билээ.
Тэгвэл ОХУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Андрей Кулик мөн АНУ Украиныг "Оросын хөгжлийг дарах" хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн буруутган, Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн улс орнуудад сөрөг үр дагавар гарахыг анхааруулжээ. Тэрээр мөн Сөүл энэхүү хориг арга хэмжээнд нэгдэх шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.