Хятадын иргэнд халдаж, 1.2 тэрбум төгрөг дээрэмдсэн гурван хүнийг баривчилжээ
Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт түр оршин сууж буй байрных нь ойролцоо гадаадын иргэнд халдаж, 1.2 тэрбум гаруй төгрөгийг нь дээрэмджээ.
Тус дүүрэг дэх Цагдаагийн газар болон ЭЦА, НЦУГ-ын ажилтнууд хохирогчийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хяналтын камерын бичлэгүүдээс сэжигтэй хүмүүсийг илрүүлэн хэн болохыг нь тогтоохын тулд мөрдлөгөө үргэлжлүүлж буй аж.
Хохирогч БНХАУ-ын иргэн нь манай улсад түр оршин сууж, Налайх-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад оролцон хийсэн ажлынхаа төлбөрийг аваад нутаг буцахаар бэлтгэж байсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Хятад эрийг их хэмжээний мөнгөтэй болсныг мэдсэн, түүнтэй ойрын харилцаатай хүмүүс халдсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж үзэж байна. Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр гэмт этгээдүүд цүнхтэй мөнгийг нь аваад автомашинд сууж яваа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн гэнэ.
Цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд 04.00 цагийн үед дээрх хэргийг үйлдсэн Ө, Д нарын гурван залууг дайчлан баривчилжээ. Тэднээс эд мөрийн баримтаар 1.2 тэрбум гаруй төгрөг, галт зэвсэг зэргийг хураан авсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.