Б.Пүрэвдорж: Тэтгэвэр тогтоох дундаж хугацааг 5 жил болговол 100.000 төгрөг нэмж авна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр /2021.10.13/ өргөн барьсан.

Гол агуулга нь өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл ажээ. Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа гэж тэрээр үзсэн тул ийнхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. 

Тэрбээр "Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн дунджаар тогтоосон Олон улсын вальютын сангийн шийдвэрийн дагуу 2018 оноос хэрэгжиж буй хуулийг буцааж, таван жил болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг өнөөдрийг болтол УИХ-аар хэлэлцээгүй байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой улс төрийн олон асуудал байсан учраас хойшлогдсон. Одоо намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ өчигдөр дахин энэ хуультай холбоотойгоор бас нэг хуулийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан.

Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой. Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ. Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн. Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан  тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана. Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж орж буй. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.