БИЧЛЭГ: Э.Бат-Үүлийн хэлснээр З.Энхболд Ерөнхийлөгчийг хэрхэн "хулхидсан" нь архивт ийнхүү үлджээ

Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг Үндсэн хуулийн Цэц баасан гарагт хэлэлцэхээр тов тогтоогоод байна.

Тодруулбал, нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзээд Цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Уг мэдээллийг Цэц эцэслэн шийдсэнээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг эцэслэнэ.

Цэц ийнхүү тухайлан шийдвэр гаргахаар болсон нь шалтгаантай. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр улайрч эхэлснээр энэ талаар  өргөн хүрээний маргаан дэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий хуульчдын зүгээс Цэцэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийг өөрчлөхдөө нэг талд нь шийдэх боломж байсангүй юУ гэдгийг асуух хүн олон байна.

Тэгвэл хариулт нь протокольд хэрхэн үлдсэнийг эргэн сануулъя. Одоогоос хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад буюу Ерөнхийлөгчтэй холбоотой шинэ заалтыг мөрдөх хугацааг хэлэлцэх үеэр тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "2021 оноос мөрдөх нь зүйтэй" гэх саналыг гаргасан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг өөрчилсөн бөгөөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн хуульчилсан.

Харин энэ заалтыг мөрдөх хугацааг анх 2025 оноос байхаар төсөлд тусгасан байсан ч дээр дурдсанчлан З.Энхболдын саналаар нааш нь татаж байв. Тухайн үед З.Энхболд дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд “2021 болгож нааш татах нь зүйтэй. Яагаад гэхээр Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг, гэтэл хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явах ёстой. Хэн нэгэн хүн сонгогдоод Ерөнхийлөгч болсны дараачаас Үндсэн хуулиа мөрдөх бус, сонгууль явуулахаас өмнө хууль мөрдөх хугацаагаа тавихгүй бол болохгүй” гэж хэлсний дагуу санал хураалт явуулж, хугацааг нь нааш татаж байжээ.

Энэ нь цаг хугацаатайгаа, хэлсэн үгтэйгээ бичлэг болж архивт үлдсэн бодит баримт. Энэ үйл явдлын дараа хотын дарга асан Э.Бат-Үүл “Х.Баттулга улиран сонгогдох хүсэлтэй бол З.Энхболд түүнийг найгүй муухай араар нь тавьж, хулхидсан хэрэг болно” хэмээн дүгнэж байв. Үнэхээр ч өнөөдрийн нөхцөлд байдлыг ажвал З.Энхболд Ерөнхийлөгчийг хулхидсан бололтой юм. Тэгэхээр Төрийн тэргүүн бурууг бусдаас бус  дэргэд нь явсан нөхрөөсөө хайх хэрэгтэй болж байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.