Элсэн овоолго үүсэж, элсээр шуурдаг говийн сумыг модтой болгосон эмч бүсгүй

Говийн нэгэн суманд ой мод гэхэд хилсдэхээргүй төгөл тарьж ургуулсан хүний их эмч бүсгүйг та бүхэнд танилцуулъя. 

Тэрээр анх эмчээр ажиллахаар ирсэн говийн хуурай суманд мод тарьсаар өдгөө 13 жилийн дараа нов ногоон төгөл бүтээжээ. 

Хүний их эмч, нүдний эмч Н.Ариунболд: Хүн гурван жил өдөр тутмын ажлаа хийснээ биш амьд байгаль, мод тарьж үлдээснээ л дурсдаг юм билээ

- Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

- Би Өвөрхангай аймагт 10 жилээ төгсөөд хотод 1999-2005 онд АШУИС-ийг хүний их эмчээр суралцаж, төгссөн. Тэгээд хөдөө гурван жил сумын эмчийн ажил хийж байгаад буцаж нарийн мэргэжлийн эмчээрээ сурахаар хотод ирсэн. Нүдний эмчээр сургуульдаа сурч, багшилж байгаад 2014 оноос өнөөдрийг хүртэл “Гэрэл” нүдний эмнэлэгт ажиллаж байгаа.

11

- Яагаад хөдөө суманд ажиллах болсон юм бэ?

- Өвөрхангайд аав ээж хоёр минь амьдардаг. Аав минь төгсөөд нутагтаа ирж ажилла гэсэн л дээ. Мөн намайг төгсөж байхад тухайн үеийн эрүүл мэндийн газрын дарга мэргэжилтнүүдтэйгээ сургууль дээр маань ирж "Дөнгөж төгссөн хүүхдүүдийг хөдөө суманд ажиллуулах сонирхолтой байна" гэдэг хүсэлт тавьсан. Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Зүүн Баян-Улаан гээд сумдад эмчийн орон тоо маш хэрэгтэй байна гэсэн.

- Та өөрөө говийн сум сонгосон гэж үү?

 -Тийм ээ. Уг нь миний аав ээжийн нутаг Нарийнтээл сум л даа. Аав маань залуудаа улс төрийн ажлаар сумдаар их ажилладаг байсан гэсэн. Аавыгаа Баруун Баян-Улаан суманд ажиллаж байхад нь би төрсөн гэж байсан. Намайг 2, 3 настай байхад өөр тийшээ нүүсэн гэдгээс өөр юм би мэдэхгүй л дээ.

1112

2005 оны зургадугаар сард төгсөөд л шууд сум руугаа явж байсан. Сум маань аймгаасаа алслагдсан, дээр нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй хоёрхон сумын нэг нь байсан. Гар утасны сүлжээ байхгүй, таньдаг хүнгүй, төрсөн сум гэдгээрээ л очсон.

Аймгийн төвөөс зургаан цагийн үед жолооч, эмч хоёр маань намайг аваад сум руу явсаар байгаад харанхуй болсон хойно очиход сумын эмнэлгийн сувилагч маань лаа барьчихсан намайг тосож авч байсан.

Тэр үед “Тогтвортой амьжиргаа” төслөөр эхийн амрах байр гэж тохижуулсан хоёр ортой өрөөнд байрлаж байсан. Тэр үед.

Лааны гэрэлд намайг сувилагч тосож авсан тэр мөч одоо ч надад бодогдоод л байдаг.

- Буцаад явчихмаар санагдаж байсан гэж үү? Өөр хүнд зүйлс их байсан байх?

- Тиймээ. Маргааш нь ажил эхлээд аав ээж рүүгээ утсаар ярих гээд эмнэлэг холбоо хоёрын хооронд явна. Уг нь нэг их урт зай биш. Гэхдээ говийн сум учраас хавартаа шуурга их тавьдаг. Сумын холбоо эмнэлэг хоёрын хооронд элсэн овоолго бий болчихсон байсан. Тэр элсийг даваад л элсэн шуурга сөрөөд л явсан.

Намайг очсоны дараа эхлэгч эмчийн маань гэрээ дуусаад есдүгээр сард нь надад ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд л сумын эмнэлгийн эрхлэгч болж асар их хариуцлага хүлээсэн. 11-р сард нь эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орж, удахгүй эмнэлэг маань шинэ УАЗ 469 машинтай болж байлаа. Дөнгөж төгссөн охин 30-аад хүнтэй байгууллага удирдах хариуцлага үүрсэн ч хамт олон маань намайг их дэмждэг байлаа. Их л олон зүйлтэй учирч, 50-иад хүүхэд эх барьж, эмчийн тал дээр асар их туршлага, мэдлэг сурч авсан.

- Яагаад суманд мод тарих болсон бэ?

- Нэг л мэдэхэд хоёр жил болчихсон л доо. Гэтэл суманд  эмч хэрэгтэй байна гэхээр нь ахиад нэг жил сунгаж гэрээ хийсэн.  Азаар 2008 онд тухайн үеийн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Ганхуягийн Шийлэгдамба сайд сонгуулийн ажлаар суманд ирж таарсан. Надад нэг “Ногоон төгөл” гээд бичсэн жижиг төсөл байсан болохоор бариад шууд л уулзсан. Төсөв нь нэг сая төгрөг гээд хэллээ. Тэгэхэд намайг дэмжээд хэдхэн хоногийн дараа санхүүжилтийг шийдээд өгсөн.

Манай эмнэлгийн ажилчид хавар намартаа эмнэлэг тойрсон элсэн овоолгоо цэвэрлэх, элс зөөх асар их ажилтай байсан. Байнга л элс цэвэрлэнэ шүү дээ. Үүнийг яаж болиулах вэ гэж бодож, арга зам хайж байгаад "Цөлжилт, элсний нүүдлийг зогсоох хамгийн том арга бол мод" юм гэдгийг олж мэдээд төслөө бичсэн.

Ингээд эмнэлгээ тойруулж модны нүх ухуулж бэлдчихээд, сая төгрөгөө аваад л хот руу гараад давхиж байлаа.

11111

ХӨСҮТ-ийн ард “Цэцэрлэгжилт” гэж газар байсан л даа. Тэнд очоод говьд ургах мод санхүүжилтдээ тааруулж авсан. Улиас, шар хуайс, говь болохоор чацаргана ургана гээд мэргэжилтнээс зөвлөгөө аваад дүүгийнхээ шинэхэн машинд ачиж аваад л сум руугаа давхиж байсан.

Ирээд шууд л моддоо суулгаж эхэлсэн. Эмнэлэг маань 3 ээлжийн галчтай байсан. Тэдний нэг н.Доржсүрэн ахыгаа зунжин мод арчлах ажилд томилж, ажиллуулж байлаа. Одоо бурхан болсон л доо ах минь. Өглөө эртээ н.Доржсүрэн ах услаад л зогсож байна. Эхний жилийн арчилгаа үнэхээр сайн байсан гэж боддог.

111111

Тэгээд миний ажлын гэрээ дуусаад ажлаа хүлээлгэж өгөхдөө хамгийн эхэнд “Модоо хашаалж чадсангүй. Хашаалаарай” гэж захиж байсан юм.

- Эргээд моддоо эргэж байсан уу?

- Очих хүртлээ байнга л утсаар модоо асуудаг байлаа. Яг сум руугаа очиход тэр элсэн дунд манай эмнэлэг л нов ногоон харагдаж байж билээ. Яг сэтгэлээсээ зориод хийхэд үнэхээр бүтдэг юм байна гэж бодож билээ.

1111111

- Түүнээс хойш ямар болсон бол?

- Одоо 13 жил боллоо. Би очиж чадаагүй л байна. Манайх мод тарьсны дараа сургууль, соёлын төв, захиргаа гээд бусад байгууллагууд модод тарьсан. Одоо Баруун Баян-Улаан сум маань нов ногоон болсон байхаа. Ямар ч гэсэн эмнэлэг маань нөгөө их шуурсан элс зөөх ажилгүй болсон гэж хэлж байсан.

- Бүхэл бүтэн нэг сумыг ногоон болгох ажлыг та эхлүүлжээ?

- Би тэгж томоор бодож байгаагүй ээ. Гэхдээ миний ажилласан 3 жил өдөр бүрийн ажлаа хийхэд нэг их дурсагдах зүйл байгаагүй ч ажлынхаа хажуугаар тарьсан модод маань надад бүх цаг үеийн турш дурсагдах үйлс байсан. Одоо нэг зориод очих юмсан гэж их л боддог.

- Бусад хүмүүст захиж хэлэхэд ?

- Одоо байгаа агаарын бохирдол, цөлжилт гээд нөхцөлд гэр бүлүүд хавар бүр нэг л мод тарьдаг байгаасай гэж хүсэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.