Г.Отгонтуяа: Маш их гомдолтой байна. Улсын Дээд шүүхэд хандах болно
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр амиа алдсан 16 настай охины хэргийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тус шүүх хуралдаанд цагаатгагдсан шүүгдэгч нар оролцоогүй байна.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан талийгаач охины ээж буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөллийн баг маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, Улсын Дээд шүүхэд хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Хохирогчийн талын таван өмгөөлөгчөөс бүрдсэн баг хангалттай нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргасан боловч шүүхийн шийдвэр танилцуулахад нэг ч дурдагдаагүйд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн шүүх бүрэлдэхүүн хуралдаж дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байхад цахим орчинд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шийдвэр гарсан мэтээр урьдчилан мэдээлсэн нь эргэлзээ төрүүлж байгааг хохирогчийн ээж Г.Отгонтуяа хэллээ.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа:
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурорууд хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалтгүй биелүүлж, процессын ноцтой зөрчлүүд гаргасан гэж үзэж байна. Тухайлбал, хэрэг гарсан өдрийн өглөөний 09:32 цагт цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очсон хэдий ч тэнд байсан хүмүүсээс бүтэн 12 цагийн дараа буюу 21:00 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны шинжилгээ авсан байна. Мөн хэргийн газарт холбогдогчдын нэгнийх нь ээж нэвтэрч, бичлэг хийх боломжийг олгосон зэрэг нь анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа хариуцлагагүй, шуурхай бус явагдсаны илрэл.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчид төрийн байгууллагуудын энэхүү хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавар нь өнөөдрийн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоолгохын тулд эцсээ хүртэл явж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.