LIVE: Хэвтэн эмчлүүлэх суурь тариф ирэх сарын 1-нээс 850 мянган төгрөг болж нэмэгдлээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Урьд нь хэвтүүлэн эмчлэх суурь тариф 400 мянган төгрөг байсан бол ирэх гуравдугаар сарын 1-нээс 850 мянган төгрөг болж шинэчилсэн. Түүнчлэн 300 оношны хүрээнд хэвтэн эмчлүүлдэг байсан бол 190-ээр нэмэгдэж, 490 болсон. Үүнээс 182 нь төлбөргүй буюу Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь төлөгдөнө гэсэн үг.
Шинэчилсэн тогтоолоор даатгуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой. Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болж байгаа. Тэгэхээр ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хувийн эмнэлгээс даатгалаараа үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ авах боломжтой гэнэ. Гэхдээ гэрээтэй хувийн эмнэлэгт үзүүлэхээр бол анхан шатны Өрхийн эмнэлгээсээ 13 маягт авч тусламж, үйлчилгээ авч болно.
Түүнчлэн тархины шигдээс, харвалт, зүрхний шигдээс, төрөлхийн гаж хөгжлүүд, хоол боловсруулах тогтолцооны бусад эмгэгүүд, гэмтлийн гаралтай үлдцүүд, түлэгдэлт, осголт, хөлдөлт, төрөх, нярай, сэтгэцийн эмгэгүүд 100 хувь үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээг гуравдугаар сарын 1-нээс авах юм.
Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон.
Иргэдийн дунд нэлээд танигдсан "Зүрх мартахгүй" төсөл дээр жишээ авч тайлбарлая. Өмнө нь тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон.
Бас нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа.
Тухайлбал, элэг шилжүүлэн суулгахтай холбоотой нийт зардал 113 сая 628 мянган төгрөгөөс даатгалын сангаас 85 сая 221 мянган төгрөгийг төлөөд иргэн та 28 сая 407 мянган төгрөг төлөх боломжтой.
Хүүхдийн шүдний эмчилгээний зардал нэмэгдсэн. Нэг шүдний бүх эмчилгээний зардал 45 мянган төгрөгт багтаж байгаа. Нийт гурав хүртэлх буюу 135 мянган төгрөгийг даатгалаас гаргах бол үүнээс дээш шүдний төлбөрийг иргэн та өөрөө хариуцах юм.
ЭМДС-аас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээтэй энд дарж танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.