Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ОНЦЛОГ төлөөлөгчид

Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, олон түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээсэн онцлог төлөөлөгчдийг танилцуулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд аав охин хоёр, 19 настай залуухан хархүү, 10 гаруй жил улстөрөөр замнасан Б.Жагар зэрэг олон сонирхолтой хүмүүс ялалт байгуулсан байх юм. 

12662566 102222893497346 345289351348200380 n1

ТЭМЦЭГЧ ЖАГАР

Ард иргэдэд “Тэмцэгч Жагар” нэрээр танил болсон Б.Жагар ХУД-ийн ИТХ-ын сонгуулийн 15-р тойрог Монголын ногоон намаас нэр дэвшиж ялалт байгуулав. Тэрбээр 2013 онд “Далд хүн” ТББ, 2014 онд “Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн” ТББ-ын Ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллаж байсан юм. Сүүлийн жилүүдэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, ард иргэдэд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх ёстой хэмээн тууштай тэмцэл өрнүүлсэн нь олны анхаарлыг ихээр татах болсон бөгөөд ийнхүү ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллахад хүргэжээ.

tseeg

“Бид уучлахгүй”-н Б.МӨНХЦЭЛМЭГ

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудтай хатуу тэмцсээр ирсэн “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ХҮН-аас ХУД-ийн ИТХ-ын сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулав. Тэрбээр ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтой ширүүхэн тэмцэл өрнүүлж хэд хэдэн удаа цагдаагийн хаалга татаж байсан ч бууж өгөөгүй байдаг юм. Тэрбээр өөрийнхөө албан ёсны твиттер хуудсандаа “Их хуралд унасан ч иргэдийн хуралд яллаа. Итгэж сонгон Хан-Уулчууддаа баярлалаа. Өөрөөр ажиллаж болдгийг үзүүлэх болно” хэмээн баяраа хуваалцсан байв.

EbqQM HUYAAaPle

“Үнэн ба зөв”-ийн А.ОТГОНБААТАР

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул А.Отгонбаатар гэх залуу 2007 онд Улаанбаатарт шилжин ирж 100 айлын арын дэнжид 0.07 га газарт хашаа хатгаж төвхнөснийхөө дараа “Үнэн ба зөв” намаа байгуулан улстөрийн гараагаа эхэлж байв. Тэрбээр өөрийнхөө намыг үүсгэн байгуулаад таван ч удаа УДШ-д материалаа өгч байж бүртгүүлсэн бөгөөд хүчтэй мөнгөтэй улстөрийн хүчнүүдэд үргэлж л адлагдаж, хавчигдсаар ирсэн юм. А.Отгонбаатар 2016 оноос хойш улстөрийн сонгуульд идэвхтэй оролцох болсон бөгөөд авлигач түшээд, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дориухан дуугарч тэмцсээр олны танил болсон байдаг. Түүнийг Улаанбаатарчууд шоолон инээж, үгийн муугаар чичилж байдаг бол Өвөрхангай аймгийн иргэд харин түүнд итгэл хүлээлгэн сонгосон байна.

121530965 1294448590917829 1748344949810138114 n

19 настай төлөөлөгч Г.ГАНТУЛГА

19 жилийн турш улстөрөөр явсан хэрнээ төлөөлөгч болж чадахгүй нэгэн байхад 19-хөн настай хүү ИТХ-ын төлөөлөгч болсон тохиолдол энэ жил гарчээ. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Г.Гантулга гэгч энэ залуу 19 настайдаа төлөөлөгч болсон нь олон хүний нүдийг орой дээр нь гаргаад байна. Амьдрал үзээгүй, боловсрол эзэмшээгүй хүүхдийг улстөрд орууллаа хэмээн буруутгах нэгэн байхад эсрэгээрээ цэргийн алба хаасан, хичээл сурлагандаа сайн хүүхэд яагаад сонгогдож болдоггүй юм хэмээн зөвтгөх нэгэн ч бас байв.

aav

АН-ыг ялалтад хүргэсэн ААВ, ОХИН

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Бумбын Эрдэнэчимэг, түүний төрсөн охин Эрдэнэчимэгийн Улаанхүү нар хоёулаа ялалт байгуулсан тохиолдол гарчээ. Эцэг, охин хоёр хоёулаа зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй байсан нь олны анхаарлыг бүр ихээр татжээ. Зарим иргэд улс төрд бөхчүүд, дуучид, тамирчид олноороо орж болоод байхад бусдад эрдэм мэдлэг түгээдэг багш хүн яагаад байж болдоггүй юм. Улам их хичээгээрэй хэмээн тэднийг олноороо дэмжсэн байв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.