СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-11

М.Энх-Амгалан: Би М.Энхболдоос тушаал заавар аваад байх хүн биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд эхэлж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэн ч зээл авч болно. Хууль бус биш. Зээл бол зээл. Харин хөрөнгө завших, авлига авах, мөнгө угаах гэдэг бол гэмт хэрэг. Нөгөөх нь бол ёс зүйгүй асуудал. О.Баасанхүү мэдээлэлд ойроо ашиглаад зээл авсан бол энэ гэмт хэрэг. Ойролцоогоор хэдэн хүн энэ хэрэгт сэрдэгдэж байгаа вэ? Яагаад бусдыг нь оруулж ирэхгүй байна вэ? Бүгдэд адил тэнцүү үйлчилмээр байна. . ХАА-н яамнаас хөрөнгө завшиж эмнэлэг барьсан байна. УИХ-ын гишүүд айж сандарч байна ш дээ. "Шударга бусын хонгил" гээд яриад байх юм. Энэ ер нь юу юм бэ?

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: "Шударга бусын хонгил" гэдэг нь өөрийгөө шалгуулж байгаа хүмүүсийн гаргаж ирсэн яриа байх гэж би бодож байгаа. Би насаараа хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүн. Энэ байгууллагыг 15 жил толгойллоо. Мөрдөн байцаах газрын даргыг 8 жил хийсэн. Би өөрийн амьдралын түүхээс үзвэл "шударга бусын хонгил" гэж зүйлийг би мэдэхгүй. Үүнийг яриад байгаа улс өөрсдөө сайн мэдэж байгаа байх. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж бодож байгаа юм бол...

. Цаашдаа бусад УИХ-ын гишүүдийн хэрэг тодорхой болохоор оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлттэй холбоотой асуултад л би хариулна. Бид хаалттай хуралдаанаар хэлэлцсэн. Цаад талын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын нууц задарч болзошгүй нөхцөл байдал үүсдэг учраас. Хоёрдугаарт: Мөрдөн байцаалтын ажилд саад болж болзошгүй гэсэн хүсэлт прокуророос оруулж ирсэн. Гишүүдийг ажиллагаанд саад болсон юм уу гэж асуусан. Гишүүд нэг нэг удаа очсон юм билээ. Үүнийг л хэлсэн. Хууль мэддэг мэддэггүйн тухай яриад байх шиг байна. Би чамаас хамаагүй их гадарлана. Олон гишүүдийн нэр дуулдаж байна. Шалгалт төгсгөлийн шатанд орж байгаа гэж ерөнхий прокурор танилцуулсан. Эцэст нь бүхэлд нь нэг удаа авч үзэхгүй бол өнөөдөр нэг хэрэг, маргааш нэг хэрэг орж ирэх юм байна л даа. Зээл авсан гэдгээ мэдэгдчихсэн гишүүд нэг бус байгаа шүү дээ. Тийм гишүүдийн асуудал орж ирээгүй.

Ер нь энэ гишүүд чинь УИХ-ын гишүүн болохоороо хувийн компаниасаа холддог ш дээ. Энийг л дэд хороон дээр ярьсан. Өчигдөр орой гурван гишүүний асуудлыг ярьсан. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байсан юм билээ. Өчигдөр орой 20:00 цагт онгоц нь буугаад хурал хойшилсон. Өнөөдөр өглөө Г.Солтан гишүүнээс тайлбарыг сонсоод дэд хороо хариугаа гаргасан. 

УИХ-ын дарга М.Энхболд: Ерөнхий прокуророос нэг зүйл асууя. Сүүлийн үед манай гишүүдийн дунд нэг яриа байна. ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг захиалгаар даалгавараар, хууль хяналтын байгууллагыг толгойлж байгаагийн хувьд намайг захиалж оруулж ирж байна. Далдаас удирдаж байна гэж ярьж байна. Намын бүлгийн хурал дээр ч энэ зүйл яригдсан байна. Надад хандсан гишүүдэд бол би хэлсэн. Хууль хяналтын байгууллага өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд л ажиллаж байгаа. Надад ямар ч нөлөөлсөн зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Та Ерөнхий прокурорын хувьд энэ дээр нэг тодорхой тайлбар хэлээч. Би танд нөлөөлөөд байгаа зүйл байгаа юм уу? Та ажлаа хууль дүрмийнхээ дагуу хийж байгаа юм уу? 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Хууль хяналтын байгууллага хийх ёстой ажлаа хийж байна. Хэний ч хараат бусаар. Үүний баталгаа нь би өөрөө юм. 6 жилийн хугацаагаар томилогддог. Хуулийн хүрээнд хэдхэн асуудлаар УИХ-ын дарга болон гишүүдтэй харилцдаг. Прокурорын байгууллагаас санал нь ороод ирнэ гэдэг чинь ажлаа хийж байна л гэсэн үг.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууссаны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.