Дональд Трамп хэвлэлийн томоохон байгууллагуудыг Цагаан ордонд нэвтрэхийг хориглолоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны есдүгээр сарын 18-ны баасан гаргийн шийдвэрээр CNN, MS NOW болон Politico зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудыг Цагаан ордонд нэвтрэхийг нэн даруй хориглосноо зарлав.
Тэрээр уг мэдэгдлийг өөрийн үүсгэн байгуулсан Truth Social талбараар дамжуулан нийтэлсэн бөгөөд нэр дурдсан гурван хэвлэлийг засаг захиргаа болон улс орны талаар зориуд худал ташаа мэдээлэл тараадаг хэмээн буруутгасан байна. Түүний тайлбарласнаар энэхүү шийдвэр нь ганц удаагийн үйл явдал бус, олон жилийн турш өрнөсөн сөрөг мэдээллүүдийн үр дагавар аж. Түүнчлэн Politico агентлагийг өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас үйл ажиллагаагаа авч үлдэхийн тулд найман сая ам.долларын хууль бус санхүүжилт авсан гэж шүүмжилжээ.
Зууван танхимд болсон уулзалтын үеэр Дональд Трамп уг хориг аль болох өргөн хүрээг хамарна гэдгийг илэрхийлж, сэтгүүлчдийг өөрийн албан өрөөнд байлгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн цаашид хуурамч мэдээлэл түгээгч бусад хэвлэлүүдэд ч арга хэмжээ авч болзошгүйг анхааруулж, The New York Times, The Washington Post зэрэг сонинуудыг нэрлэв. Гэсэн хэдий ч сэтгүүлчдийн байнгын нэвтрэх үнэмлэхийг хүчингүй болгох эсэх болон Ерөнхийлөгчийн онгоцны хэвлэлийн бүрэлдэхүүний тухайд нарийвчилсан журам хараахан гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн зүгээс уг шийдвэрийг эрс эсэргүүцэж эхэллээ. CNN агентлаг хараат бус сурвалжилга явуулах нь АНУ-ын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх гэдгийг сануулаад, шийдвэр бодитоор хэрэгжвэл шүүхэд хандах эрхээ хадгалж үлдэнэ гэдгээ мэдэгдэв. Politico агентлаг ч Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрхээ тууштай хамгаалж, Цагаан ордон болон засаг захиргааны үйл ажиллагааг шударгаар сурвалжлахаа илэрхийлсэн бол Цагаан ордны сурвалжлагчдын холбоо төрийн тэргүүний шийдвэрийг буруушаасан байна.
Хуульчид болон шинжээчдийн зүгээс уг алхам нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөтэй зөрчилдөж байгаа тул шүүхийн шатанд няцаагдах өндөр магадлалтай гэж үзэж байна. 2018 онд Дональд Трампын засаг захиргаа CNN агентлагийн сурвалжлагч Жим Акостагийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг цуцалж байсан ч шүүхээс сэтгүүлчийн эрхийг сэргээж байсан түүхтэй. Мөн Associated Press агентлагийн сэтгүүлчдийг хязгаарлаж байсантай адил эрх зүйн томоохон маргаан дахин өрнөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.