Тусгай зөвшөөрөлгүй оюутан мэс засал хийж, үйлчлүүлэгч амиа алджээ
Хавтаст хэргээс
Гоо сайханд золиос хэрэгтэй ч амиараа төлөх ёсгүй
Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг. Тиймдээ ч эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй энэ төрлийн мэс ажилбар, засал хийлгэх болсон. Даврхаа хийлгэх, арьсаа татуулж, үрчлээгээ арилгах бол хамгийн энгийн нь. Мөн хамар өндөрлөх, өөх соруулах, шодойн хөвч таслах гээд гоё, сайхан болгох олон төрлийн мэс ажиллавар байдаг аж. Гэвч хувийн эмнэлгийн эмч, сувилагч нар үйлчлүүлэгчийнхээ биеийг урьдчилан сайн шинжилдэггүйгээс үү, мэс ажиллавар хийх үед хүндрэл үүсэж, амиа алдах тохиолдол гарч байна.
Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй” гэх заалт бий. Үүний гурав дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэгээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 5400-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг. Шүүх энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 15.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн найман хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэдний нэгээс нь уншигчдадаа хүргэе. Сэрэмж, болгоомж хаана ч, хэзээ ч илүүдэхгүй.
Хоёр мэс ажиллавар хийхдээ нэгийг нь яагаад дурдсангүй вэ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах, гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмнэлэгт иргэн Б 2021 оны намар мэс ажиллавар хийлгэхээр ханджээ. Улмаар есдүгээр сарын 4-нд хоёр төрлийн хагалгаанд орсон байна. Гэвч мэдээ алдуулах хоёр төрлийн тарианы нэгийнх нь үйлчлэлээс болж хорвоог үүрд орхижээ. Гоо сайхны мэс заслын уг эмнэлгийн гурван эмч иргэн Б-г шоконд ормогц Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) рүү хүргэсэн ч сэхэл аваагүй аж. Ингээд мэс ажиллавар хийсэн эмнэлэг, эмч нар ар гэрийнхэнд нь болсон явдлыг мэдэгдэхээр утсаар залгасан ч хэлж зүрхлэхгүй байсан бололтой. Нэг нь утасны цаанаас арай хийж “УНТЭ-д яаралтай оч” гээд тасалсан байна. Энэ талаар талийгаачийн ар гэрийнхэн “2021 оны есдүгээр сарын 4-ний 13.25 цагийн үед нэг эмэгтэй утсаар залгасан атлаа ярихгүй байсан. Дараа нь нэг эрэгтэй яриад “Хагалгаа хийсэн эмч байна, хүндрэл гарсан, нэгдүгээр эмнэлэг явах гэж байна, очоорой” гэж хэлсэн. 10 минутын дараа эмнэлэг дээр очсон. “Хамрын хагалгаа 10.50 цагт дуусаж байхад хүндрээд ирчихсэн байна” гэж хэлсэн” хэмээн мэдүүлжээ.
Б хамрын мэс засалд орох гэж буйгаа ар гэрийнхэндээ хэрэг явдлаас 3-4 хоногийн өмнө дуулгахад “Хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй эмнэлэгт хийлгэх хэрэг байна уу. Өөр туршлагатай эмнэлэг бий шүү дээ” гэж дургүйлхсэн аж. Гэвч Б “Тэр эмнэлэгт долоо хонох юм билээ, энд гурав хоноод л гарчихна” гэж хариулаад мэс ажиллавар хийлгэх өдрөө тодорхой хэлэлгүй өнгөрчээ.
Ингээд 2021 оны есдүгээр сарын 4-ний 10.35 цагт хувийн эмнэлэгт хагалгаанд орж, УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 19.00 цаг өнгөрч байхад амьсгал хураасан гэнэ. Түүний цогцсыг шүүх эмнэлгийнхэн шинжлээд, “Мэдээгүйжүүлгийн изофлуранд хэт мэдрэг байдал, эмийн шалтгаант анафилаксийн шок” гэсэн онош тавьжээ. Улмаар хэд хэдэн шинжээч эмч дүгнэлт гаргасан гэнэ.
Тэд “Эдийн шинжилгээгээр шок болсныг тогтоосон. Хагалгааны дараа буюу хүнд байдалд орсны дараа олон эрхтний өөрчлөлтөд орсон байсан. Хүндрэлийн үед эмч нар хангалттай ажиллаагүй. Шокийг илэрхийлж буй өөрчлөлтүүд цагаан мөгөөрсөн хоолой, бронхийн хөндийд илэрсэн. Стандартын дагуу мэс засал хийж байгаа бол заавал сорил тавих ёстой. Тухайн эмийн бодисыг хэрэглэж байгаа мэдээгүйжүүлэлтийн эмч сорил тавина” хэмээн мэдүүлцгээсэн аж. Өөр нэг эмч нь “Хагалгаанууд үхэлд хүргээгүй, үхлийн шалтгаан болоогүй. Хамрын таславчийн мурийлт тэгшлэх үеийн хагалгаанд изофлураныг ашигласан байна. Нөгөө хагалгаанд хэрэглээгүй. Мэдээгүйжүүлгийн изофлуранд харшил өгч, анафилаксийн шоконд орсны улмаас нас барсан” гэжээ.
Шинжээчдийн мэдүүлэг дунд анхаарал татах нэг зүйл ярьсан нь хоёр мэс ажиллавар хийсэн атлаа хамрын хагалгааны талаар л тэмдэглэж, нөгөөхийг нь огт дурдаагүй байж. Тэдний дүгнэлтэд хоёр дахь мэс заслын талаар “Зөвшөөрлийн хуудас байхгүй, гарч болох хүндрэл эрсдэлээ танилцуулах, хагалгааны явцад нэмэлтээр хийж болох ажиллаврууд, хийгдэх мэдээгүйжүүлэг зэргийг зөвшөөрлийн хуудасны оронд ашигласан “Өөрийн хүсэлтээр хийлгэх эмчилгээний зөвшөөрлийн хуудас”-нд ч тусган бичээгүй” гэсэн байв.
Эрүүл мэндийн байгууллагад олон стандарт, дүрэм, журам мөрддөг. Түүний нэг Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын II.1-д “Мэс заслын үйлдлийн ерөнхий технологи, түүнд хяналт тавих” гэж заасан байдаг. Түүний II.1-2-т “Хагалгааг удирдах эмчийн үүрэгт тухайн үйлчлүүлэгчийн биеийн байдал, өвчний явц, хүндрэл, нас хүйсийн онцлогийг тооцсон бодит үнэлгээ өгч заавал хийсэн байх шинжилгээ (рентген, ЭХО, лабораторийн) хагалгааны заалт, хийх арга, гарч болох хүндрэлээс сэргийлэх тухай, хагалгааны өмнөх дүгнэлт бичсэн байна. Эмч нь хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заасан бүх хариуцлагыг хүлээнэ” гэжээ. Мөн “Үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэх үйлдлийн технологийг эмчлэгч эмч, мэс засал хийх эмч нар хамтран гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ажиллана. Хагалгаа хийсэн болон мэдээгүйжүүлэгч, эмчлэгч эмч нар хамтарч, эсвэл дангаар гүйцэтгэнэ гэсэн заалт бүрэн хэрэгжээгүй нь өвчний түүх хөтлөлтөөс харагдаж байна” гэж шинжээч эмч нар нэгдсэн дүгнэлтдээ тодорхой бичиж.
Тусгай зөвшөөрөлгүй оюутан мэс засал хийсэн гэв үү
Эмнэлэгт мэс ажиллавар хийлгэсэн иргэн гэнэт нас барсан шалтгааныг тогтоохын тулд мөрдөгч олон талаас нь холбогдох албаныхнаар дүгнэлт, тайлбар гаргуулдаг юм. Хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагыг төлөөлсөн байцаагчаар дүгнэлт гаргуулахад “Эмнэлгийн нэр зөрүүтэй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зөвхөн нэг эмнэлэгт нь л олгосон.
Хөлсөөр болон туслах эмчээр ажиллах гэрээг анагаахын боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй “Этүгэн” сургуулийн зургаадугаар дамжааны оюутантай хийж, ажиллуулсан зөрчил илэрлээ” гэсэн байв.
Лавшруулан үзвэл уг хэрэгт холбогдсон эмч Д.Баянбаатар нь “2020 онд “Этүгэн” сургуулийг төгссөн дипломтой, 2022 оны наймдугаар сарын 12 хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй, эмчийн дипломоо аваагүй, анагаахын сургуулийг төгсөөгүй байхдаа 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд нэг жилийн хугацаагаар туслах эмчээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Их эмчийн хоёр жилийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэс заслын эмчийн мэргэжил эзэмшээгүй, туслах эмчээр хоёр дахь мэс ажиллаврыг гардан хийлгүүлсэн зөрчил илэрлээ.
Тэрбээр мэс засал судлалаар АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн хоёрдугаар дамжаанд суралцаж буй” хэмээн бичсэн байх юм. “Этүгэн” сургуулийг төгсөөгүй оюутантай гэрээ байгуулж, их эмчээр ажиллуулаад, мэс засал хийлгэнэ гэдэг байж болох үзэгдэл үү. Эрүүл мэндийн тухай хуульд мэс заслын эмчээр мэргэшээгүй үедээ мэс ажиллавар хийхийг хориглох заалттай байсан агаад хууль тогтоогчид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа будилаантуулсан аж. Тиймээс 2023 онд Эрүүл мэндийн сайд журам гаргаж, үйл ажиллагааг нь зохицуулсан байна.
Өөр бас зөрчил гарсан нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажилладаг эмч Ж.Төгөлдөртэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, тэр нь дууссан байхад мэс засалд оролцуулсан явдал. Гэвч шүүх эдгээр зөрчлийг ач холбогдолтойд тооцоогүй бололтой.
Эмч нарыг цагаатгав
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар даргалан энэ оны хоёрдугаар сард хийсэн шүүх хурлаас дээрх хэрэгт буруутгагдсан эмч Д.Баянбаатар, Д.Цэен-Ойдов, Ж.Төгөлдөр нарыг цагаатгажээ. Шүүхийн хэргийг цагаатгах тодорхойлолтод “Мэдээ алдуулах үйлчилгээтэй изофлуран хэрэглэн хагалгаа хийх явцад өвчтөн халуурч эхлэн, татаж, богино хугацаанд олон эрхтний хурц дутагдалд орж ухаангүй, кома, шокын байдалтайгаар 2021 оны есдүгээр сарын 4-ний 13.49 цагт УНТЭ-т хүргэгдэн очиж, эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн боловч амийг нь аварч чадалгүй, тухайн өдрийн 19.13 цагт нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо. Дээрх нөхцөл байдал нь прокурорын яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1-3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх үзэв.
Мөн эрхгүй атлаа хоёр дахь мэс ажиллавар хийсэн нь Эрүүгийн хуулийн “эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.7-1 дэх хэсэгт заасан “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэх шинжтэй байна гэж дүгнэлээ. Түүнчлэн хоёр дахь мэс ажиллавар хийсэн өвчний түүх нээгээгүй, түүнээс өмнө авсан зөвшөөрлийн хуудсыг буруу хөтөлсөн, удирдамжийг тухайн эмнэлэг хууль зөрчиж баталсан зэрэг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан үйл баримтууд тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй” хэмээн шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан байна.
Шүүхийн цагаатгах тогтоолыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүндээ “Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4-3 дахь хэсэгт “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасан. Уг үүргээ зөрчсөн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, биелүүлээгүй гэж үзнэ. Тиймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” хэмээсэн байв.
Гэвч давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээжээ.
Г.РАВЖАА
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.