Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ
Сургуулийн байранд насанд хүрээгүй хүүхдүүд маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 22-ны өдрийн 20 цаг 50 минутад цагдаагийн байгууллагад “Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, тус байранд оршин суух 15 настай, эрэгтэй Э нь 16 настай, эрэгтэй Б-гийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал, 16 настай Б нь тоглоомон бялтан буугаар 15 настай Э-гийн чих рүү буудсанаас үүдэн тэдний дунд үл ойлголцол үүсэж, улмаар Э уурлан дээрх үйлдлийг гаргасан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Насанд хүрээгүй гэх шалтгаанаар хууль зүйн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр 14 наснаас эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хуулийн дагуу хариуцлага хүлээдэг” болохыг анхаарууллаа.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнуудыг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа маргаан, үл ойлголцлыг хүч хэрэглэн шийдвэрлэхгүй байх, бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй хутга мэс болон бусад зэвсгийн чанартай эд зүйлсийг биедээ авч явахгүй байхыг хүүхдүүдэд тогтмол захиж, зөв ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.