🔴З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг ирэх жилүүдийн төсөвт дарамт учруулахгүйгээр төсөвлөнө

AI хөрвүүлсэн
🔴З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг ирэх жилүүдийн төсөвт дарамт учруулахгүйгээр төсөвлөнө

Сангийн сайд З.Мэндсайхан эдийн засгийн нөхцөл байдал, Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн тэрээр хөгжлийн түнш орнуудаас авах зээлийн эх үүсвэрийн талаар тайлбарлалаа. 

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-Эдийн засгийн тогтворгүй үед төсөвт болзошгүй алдагдал үүсэхээс сэргийлэх зорилгоор авч буй зээлүүд байгаа. Тухайлбал, 250 сая ам.долларын зээлийн шугамыг гамшиг, эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах үүднээс нээж байна. Байгалийн ган зуд, хүнсний хомстол, шатахуун түлшний нөөц тасалдах зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн онцгой нөхцөлд Гамшгийн тухай хуулийн хүрээнд үнэлгээ тогтоож, зөвхөн шаардлагатай үед л уг эх үүсвэрийг ашиглахаас биш, шууд аваад үрчих хөрөнгө биш. 

Мөн "Оюутолгой" төслөөс орж ирэх гурван их наяд орчим төгрөгийн ногдол ашгийг гэрээнд эцэслэж тусгаагүй гэх шүүмжлэл явж байна. "Рио Тинто групптэй миний бие болон Г.Дамдинням сайд нарын ахалсан хоёр ч ажлын хэсэг ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Үүнд зээлийн хүүг бууруулах, зээлийн санхүүжилтийг эргэн харах хугацааг тохирох, менежментийн төлбөрийг бууруулах зэрэг багтсан. Саяхан тус группийн гүйцэтгэх захирал ирж, ажлын хэсгээс гарсан өөрчлөлтүүдийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгалаа. Ингэснээр 17 жилийн дараа анх удаа Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг бодитоор нэмэгдүүлсэн, улс оронд хэрэгтэй шийдвэр гарсан. 

"Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал ногдол ашгийг Монголын талд олгохоо баталгаажуулж илэрхийлсэн тул Төсвийн тухай хуульд гурван орчим их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. 2026 оны санхүүгийн тайлан тэнцэл гарсны дараа ногдол ашгийг хэрхэн тооцож авах асуудлыг энэ ондоо багтаан ажлын хэсгүүд эцэслэн шийдвэрлэнэ. Ногдол ашгийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх зарчмыг хатуу баримталж ажиллана. 

Ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг дэд бүтэц, боловсролын салбарт хуваарилж байгаа нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчиж байна гэсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл явж байна. Засгийн газар 10 жилээр наашлуулж авч ирж буй ногдол ашгаас нэг их наяд төгрөгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгөөр эдийн засгийн өсөлтийг боомилж буй дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Эдийн засгийн хүндрэлтэй үед өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй зээл олгох, зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж хүсэлт гаргасан 45 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх зэрэг бодлогыг төсөвт тусгасан тул үүнийг улстөржүүлэхгүй байхыг уриалж байна.

Дэд бүтцийн хүрээнд 10 аймгийн дулааны станцын асуудлыг шийдэж, улмаар орон нутагт орон сууц барих, залуус ипотект хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, мөн уул уурхай, экспортыг тэлэхэд шаардлагатай эрчим хүчний эх үүсвэрийг шийдэхээр тусгасан. Ногдол ашиг нь төсвийн байнгын тогтвортой орлого биш тул ирэх жилүүдийн төсөвт дарамт учруулахгүйн тулд нэг удаагийн тусгайлсан хууль боловсруулан зохицуулж байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.