🔴Г.Ганбаатар: Оюутолгойн ногдол ашгийг хууль зөрчин хулгайн төслүүд рүү хуваарилахыг эсэргүүцэж байна

AI хөрвүүлсэн
🔴Г.Ганбаатар: Оюутолгойн ногдол ашгийг хууль зөрчин хулгайн төслүүд рүү хуваарилахыг эсэргүүцэж байна

Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа улсын төсвийн бодлого, төсвийн тодотгол, Оюутолгойн ногдол ашиг болон Засгийн газарт тавьж буй шаардлагуудын талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: 

-Сүүлийн үед эрх баригч намын дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зүгээс ирэх онд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн 2-3 их наяд төгрөгийг аймгуудад баригдахаар төлөвлөгдөөд гацсан, авлигачид нь шүүх, шоронгийн хаалга татсан станцуудыг дуусгах болон бараа сураггүй байгаа VI цахилгаан станцын төсөлд 30 хувийг нь оруулах тухай ярьж эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. 

2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ТӨК-иудын ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Энэ хэмжээний мөнгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилж бүртгэвэл Монгол Улсын нэг иргэнд 835 орчим мянган төгрөг ногдоно. Гэтэл хууль зөрчиж, иргэдийн халаасанд орох ёстой мөнгөөр хулгайн төслүүдийнхээ үлдэгдлийг санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл. Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг шууд зөрчиж байна. 10 аймгийн дулааны цахилгаан станцыг явуулах нь зөв боловч иргэдээс санал авахгүйгээр энэ их мөнгийг хууль зөрчин тийш нь санхүүжүүлэх нь буруу гэв. 

Энэ үеэр АН-ын бүлэг ард түмний мөнгийг Засгийн газраас хамгаалахын төлөө ажиллаж байгааг дараах таван баримтаар тайлбарлав. 

Нэгдүгээрт, Хуулийн хүрээнд Оюутолгой болон бусад компаниас орж ирэх ногдол ашгийн мөнгийг хуримтлалын санд иргэн бүрийн нэр дээр хадгалж (нэг хүнд ойролцоогоор 835 мянган төгрөг), гурван жилийн дараагаас боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зориулалтаар ашиглах боломжтой байтал Засгийн газар нэг удаагийн хууль гарган, урьд өмнө бүтэлгүйтсэн, авлигачдын гарын салаагаар урссан төслүүдийг дахин санхүүжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна.

Хоёрдугаарт, Тэтгэвэр, цалингийн нэмэгдлийг төсвийн хариуцлагагүй бодлогоо халхавчлах бамбай болгон ашиглаж байна. Өнгөрсөн хавар суурь тэтгэврийг нэмэх шийдвэр гарч, нэгдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалин нэмэгдсэн. Одоогийн төсвийн тодотгол нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан цалин, тэтгэврийг ердөө хоёр сарын өмнө буюу 11 дүгээр сард наашлуулж буй хэрэг. Тодотголоор тэтгэвэр нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг зарцуулах мөртлөө цаанаа төсвийн нийт зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмсэн. Мөн 2027 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2 их наяд төгрөг зарцуулна гэсэн атлаа цаад талд нь төсвийн зардлаа 10 их наяд төгрөгөөр тэлж оруулж ирж байна. Иргэнд цалин, тэтгэврээр 1 төгрөг нэмж өгч байгаа мэт харагдуулаад, дарга нар өөрсдийн зардлаа 5 төгрөгөөр нэмж байгаа нь инфляц, үнийн өсөлт, ханшийн уналтыг бий болгож, бодит худалдан авах чадварыг үгүй хийх тул төсвийн үргүй зардлыг танахыг шаардаж байна.

Гуравдугаарт, Засгийн газрын өрийг хэт нэмэгдүүлэх гэж байна. 2026 оны тодотгол, 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох эрсдэл үүсгэсэн. Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 6 сая төгрөгийн өрийг ердөө жил хагасын дотор шинээр ногдуулах үйлдэл бөгөөд улс орны төсөв, санхүүг тогтворгүй болгож байна.

Дөрөвдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байна. Төсвийн суурь тэнцэл ашигтай байх шаардлага, урсгал зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх заалт, мөн Төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дотор өөрчлөхгүй байх зэрэг тусгай шаардлагуудыг хуулиас хасч, төсвийн алдагдлыг хязгааргүй нэмэх зохицуулалт оруулж ирж байна.

Тавдугаарт, Ерөнхий сайдын хамаарал бүхий их, дээд сургууль, цэцэрлэг, коллежуудад Шилэн дансны мэдээллээр сүүлийн гурван жилд 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Түүнчлэн энэ удаагийн тодотгол дээр дахин 3.5 тэрбум төгрөгийн зардал олгохоор тусгагдсан нь ил болсон. Сангийн яамны албан тушаалтнуудын мэдээллээс харахад энэ мөнгийг аль хэдийнэ тохиролцон зарцуулж эхэлсэн байж болзошгүй бөгөөд тодотголоор зөвхөн баталгаажуулах гэж байна. Ийм ашиг сонирхол шингэсэн төсөв боловсруулсан тул Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.

АН-ын Хэрэг эрхлэх ерөнхий газар хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган:

-Ардчилсан намаас улс орон даяар эхлүүлсэн 'Өөрчилье, бүтээе' үндэсний хөдөлгөөн 330 сум, 204 хороо, 21 аймаг, есөн дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй иргэн "an.mn" аппликейшнаар дамжуулан саналаа ирүүлээд байна.

Иргэдийн тавьж буй саналыг эрэмбэлж үзвэл үнийн өсөлт, эдийн засгийн дарамт, аж ахуйн нэгжүүдийн өр зээлийн асуудал болон авлига, хулгайн асуудал тэргүүн эгнээнд байна. Энэ нь зохиомол бус, ард иргэдээс өөрсдөөс нь гарч буй бодит байр суурь юм. Тухайлбал, энэхүү хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Рашаант суманд 200 гаруй иргэн нэгдэж өөрсдийн хөрөнгөөр зам тавьсан зэрэг бүтээлч санаачилгууд гарч байна. Иргэдээс гадна мэргэжлийн холбоод, залуучууд нэгдэж байгаа бөгөөд an.mn сайтаар дамжуулан нийт иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна гэв. 

20 сайдтай данхар Засгийн газрынхаа бүтцийг цомхотгож, 2027 оны төсөв дээр төлөвлөсөн 30 их наяд төгрөгийн зардлаа танаж байж цалин, тэтгэврийг бодитоор нэмэх боломж бүрдэнэ гэдгийг АН-ын зүгээс дахин санууллаа. Оюутолгойгоос орж ирэх нь баталгаажаагүй гурван их наяд төгрөгийн орлогыг урьдчилан зарцуулахаар тооцож, 10 аймгийн ДЦС болон баригдаагүй байгаа VI цахилгаан станц руу 600-700 тэрбум төгрөг хуваарилах гэж буй зэрэг үндэслэлгүй төсвийн бодлогоо хамгаалж, итгэл үзүүлэх асуудлаа чуулганд албан ёсоор оруулж ирэхийг Ерөнхий сайдаас шаардав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.