Орон сууц захиалгын гэрээгээр залилагчид хйимэл оюун ухаан ашиглах болжээ
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж буй билээ. Прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2779 иргэнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаа юм. Үүний 93 хувийг нийслэлд, долоог нь орон нутгийн хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа юм. Олон иргэнийг хохироосон орон сууцын залилангийн хэргийг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээг прокурорын байгууллага авсны үр дүнд 173 хэргээс 102-ыг нь шийдвэрлэж буй гэнэ.
Тухайлбал, 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12-ыг нь шүүхэд шилжүүлээд байна. Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 372 эд хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Өдгөө мөрдөн байцаалтад 71 хэрэг шалгаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Тэгвэл орон сууцын залилангийн нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “Жанжин” клубийн байранд өчигдрөөс хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан хойшлууллаа. Т.Билгүүн, Ц.Мөнхзаяа, С.Бямбасүрэн, Н.Болормаа нар орон сууц барьж, ашиглалтад оруулах гэрээ байгуулж, 138 иргэнээс 10.4 тэрбум төгрөг залилсан хэрэгт холбогдсон.
Тодруулбал, “Баганат хороолол”-д орон сууц барьж өгөх нэрийдлээр энэ олон хүнийг хохироосон байна. Гэвч Т.Билгүүн болон өөр нэг шүүгчдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахаас татгалзсанаар хурлыг ирэх сарын 28-ныг хүртэл хойшлуулав. Тэд өөр өмгөөлөгч авснаа өчигдрийн хурлын үеэр мэдэгджээ. Үүнээс гадна орон сууц барих гэрээ байгуулж, иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилахыг завдсан С.Дугар гэх хүнийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхан баривчиллаа.
Тэрбээр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна” хэмээн иргэдийг залилж эхэлсэн бөгөөд нэг бус хүнтэй хамтарч байж. С.Дугар нь “House mentor”, “Arvijih green village”, “Сүмбэр хаус капитал” зэрэг пэйж хуудас хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулгыг сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох AI ашиглан бүтээлгэж, сурталчлан залилдаг байсан нь тодорхой болжээ. Тэрбээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 11 иргэнээс 500 сая төгрөг авсан, 120 хүнээс 3.6 тэрбум төгрөг авахаар бэлтгэсэн байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, иргэдээс 4.1 тэрбум залилах гэж байсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж, таслан зогсоосон аж. С.Дугар өмнө нь ч бусдыг залилсан хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан, мөрдөн шалгуулж байх үедээ буюу 2024 онд оргон зайлсан нэгэн юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.