Бор гөрөөс мөргөсөн ослын улмаас Польшийн 20 настай залуу хөлбөмбөгч амиа алджээ
Польшийн хөлбөмбөгийн дөрөвдүгээр дивизионы "Кания Гостынь" багийн хамгаалагч, 20 настай Оскар Кордус зам тээврийн харамсалтай ослын улмаас нас баржээ.
Уг осол баруун Польшийн Гостынь хотын ойролцоох тойрог замд зэрлэг амьтан дайрагдсаны улмаас үүдсэн бөгөөд тамирчин эмнэлэгт хүргэгдсэн ч авсан гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.
Хэрэг явдал есдүгээр сарын 21-ний даваа гаргийн өглөөний 06:00 цагийн орчимд гарчээ. Замаар зорчиж явсан "Volkswagen" маркийн автомашины 52 настай жолооч гэнэт зам руу гүйж орж ирсэн зэрлэг бор гөрөөсийг мөргөсөн аж. Хүчтэй мөргөлтийн улмаас амьтан эсрэг урсгал руу шидэгдэж, залуу тамирчны жолоодож явсан "BMW" маркийн автомашины салхины шилийг цөм цохин орсон байна.
Хэрэг явдлыг шалгаж буй прокурорын байгууллагаас тодотгосноор, залуу тамирчинд гэнэтийн аюулаас зайлсхийх, хариу үйлдэл үзүүлэх хугацаа тун бага байжээ. Цохилтын улмаас машин жолоодлогоо алдан замаас гарч, суваг руу унан хөмөрсөн байна. Харин анх амьтан мөргөсөн автомашины 52 настай жолооч бэртэж гэмтээгүй өнгөрчээ.
Ослын газарт шуурхай хүрэлцэн ирсэн аврагчид тамирчинд газар дээр нь сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсний дараа биеийн байдал нь маш хүнд байсан тул агаарын түргэн тусламжийн нисдэг тэргээр Познань хотын эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүний амь насыг аврахаар бүхий л боломжоо дайчлан ажилласан боловч залуу хөлбөмбөгч авсан хүнд гэмтлээ даалгүй тухайн өдрийн 22:30 цагийн үед таалал төгсчээ.
Оскар Кордус энэ улиралд "Кания Гостынь" клубийнхээ бүрэлдэхүүнд нийт долоон тоглолтод оролцоод байсан юм. Хамгаалагч залуугийн тоглож байсан клубээс түүний зуурдын үхлийг албан ёсоор баталж, талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж:
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.