АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн аль хэдийнэ эхэлжээ
АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр гаруй жилийн хугацаа үлдээд байгаа ч Бүгд найрамдах болон Ардчилсан намын улс төрчид 2026 оны завсрын сонгуулийг угтан “далд сунгаа”-гаа албан бусаар эхлүүлээд байна.
Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд тус сонгуулийг алс холын төсөөлөл мэтээр харж байсан ч гол өрсөлдөгчид эхнээсээ байр сууриа эзлэхээр идэвхтэй хөдөлж эхлэв.
Нэр дэвшихээр горилж буй улс төрчид 2026 оны завсрын сонгуулийн сурталчилгааг ашиглан, анхан шатны санал хураалт хийж болдог гол мужуудад ажиллаж байна. Тэд бодлогын мессежээ турших, томоохон хандивлагчдыг татах, улс төрийн үйл ажиллагааны багаа бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг чимээгүйхэн өрнүүлж байгаа юм. Хуваарийн дагуу Ардчилсан нам 2028 оны анхан шатны санал хураалтын хуанлидаа Өмнөд Каролина мужийг тэргүүн эгнээнд тавьсан бөгөөд санал хураалт 2028 оны нэгдүгээр сарын 22-нд эхлэхээр товлогджээ. Харин Ерөнхийлөгчийн ерөнхий сонгууль 2028 оны арваннэгдүгээр сарын 7-нд болох товтой байна.
Ардчилсан намын хувьд олон тооны амбан захирагч, сенатор болон засаг захиргааны албан тушаалтнууд сунгаанд бэлтгэж эхэлжээ.
Тухайлбал, Тээврийн сайд асан Пит Буттижиг конгрессын нэр дэвшигчдийн кампанит ажилд туслан, сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтайгаа илэрхийлсэн байна. Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом нэр дэвших асуудлыг нухацтай судалж буй бөгөөд 2026 оны завсрын сонгуулийн дараа эцсийн шийдвэрээ гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн Нью-Орлеан хотын дарга асан Мич Ландрю 2028 оны уралдаанд оролцохоор зэхэж байгаа бөгөөд оны эцэс гэхэд шийдвэрээ зарлахаа мэдэгдсэн байна. Мөн сенатор Крис Ван Холлен, дэд ерөнхийлөгч асан Камала Харрис, Кентукки мужийн амбан захирагч Энди Бешир, төлөөлөгчдийн танхимын гишүүн Ро Ханна, Александриа Окасио-Кортез, сенатор Марк Келли, Рубен Галлего, Кори Букер, Жон Оссофф нар боломжоо судалж байна.
Бүгд найрамдах намын талд Үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу Дональд Трамп дахин нэр дэвших боломжгүй тул намын анхан шатны сонгууль бүрэн нээлттэй өрсөлдөөн болох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс таамаглалд тэргүүлж байгаа хамгийн гол нэр дэвшигчээр тодорч байгаа ч сонгогчдын дэмжлэгийг хадгалах сорилттой тулгарч байгаа юм. Түүний дараа Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио намын хүрээнд хүчтэй хувилбарт тооцогдож байна. Үүнээс гадна Нью-Жерси мужийн амбан захирагч асан Крис Кристи болон Флорида мужийн амбан захирагч Рон Десантис нар ч тус намын боломжит өрсөлдөгчдийн тоонд багтаж байна.
Ийнхүү хоёр намын улс төрийн хүчнүүд албан ёсны сунгаа эхлэхээс өмнө стратегиа тодорхойлж, хөрөнгө санхүү болон дэмжигчдийн баазаа бүрдүүлэхээр хэдийнэ шамдаж эхэллээ. Ирэх 2026 оны завсрын сонгуулийн үр дүн эдгээр нэр дэвшигчдийн цаашдын замнал болон Цагаан ордны төлөөх томоохон өрсөлдөөний ерөнхий өнгийг тодорхойлоход шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.