Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял сонслоо
АНУ-ын кино продюсер асан Харви Вайнштейн 2006 онд телевизийн продакшны туслах Мириам Хэйлид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж, Манхэттэний дээд шүүхээс 15 жилийн хорих ял авлаа.
Шүүгч Кертис Фарбер 74 настай Вайнштейнд ял оноохдоо түүнийг уран бүтээлүүдээр бус, бэлгийн дарамтын эсрэг өрнөсөн "#MeToo" хөдөлгөөний бодит нүүр царай болж түүхэнд үлдэнэ гэдгийг онцолсон байна. Түүнчлэн шүүгч "Танд бүх зүйл байсан бөгөөд агуу өв үлдээж болох байсан ч Мириам Хэйлийг хүчирхийлснээр бүхнийг үгүй хийлээ" хэмээн мэдэгджээ. Нэгдүгээр зэргийн бэлгийн гэмт хэрэгт хуулиар дээд тал нь 25 жилийн хорих ял ногдуулах боломжтой байв.
Шүүх хуралдааны явцад прокурор Николь Блумберг шүүгдэгч хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшээгүйг дурдаж, 20 жилийн хорих ял болон суллагдсаны дараах 5 жилийн хяналт тогтоохыг хүссэн байна. Харин өмгөөлөгчдийн баг түүний биеийн байдал тааруу, цусны болон чөмөгний хавдар, зүрхний өвчтэй болохыг үндэслэн есөн жилийн ял оноохыг хүсжээ.
Шүүх хуралд тэргэнцэртэй оролцсон Вайнштейн өөрийгөө хүчирхийлэгч биш гэж хамгаалсан ч "Хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би харгис хүн биш тул өршөөл үзүүлнэ үү" гэж мэдүүлсэн байна.
Хохирогч Мириам Хэйли шүүхийн өмнө үг хэлэхдээ, 2006 оны халдлага болон түүний дараах үр дагавар амьдралыг нь сүйрүүлж, өөрт нь аль хэдийнэ "бүх насаар нь хорих ял болсон"-ыг мэдэгджээ. Тэрээр халдлага гарснаас хойш долоо гаруй жилийн турш олон нийтийн зүгээс ирсэн гүтгэлэг, дарамт, доромжлол дунд сэтгэл зүйн хүнд дарамт амссанаа хуваалцсан юм.
Вайнштейн 2020 онд анх 23 жилийн хорих ял шийтгүүлж байсан ч Нью-Йоркийн Давж заалдах шатны шүүх 2024 оны дөрөвдүгээр сард өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон түүхтэй. Учир нь үндсэн яллах дүгнэлтэд хамааралгүй эмэгтэйчүүдийн мэдүүлгийг сонссон гэж үзсэн тул 2025 онд шинэ тангарагтны бүрэлдэхүүнтэйгээр хэргийг дахин хэлэлцэж, Хэйлиг хүчирхийлсэн гэм буруутайд тооцжээ. Харин өөр нэг хохирогчтой холбоотой хүчингийн хэргийг тангарагтнууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүйн улмаас 2026 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Өмнө нь зургаа гаруй жил хоригдсон Вайнштейн Лос-Анжелесийн шүүхээс хүчингийн хэргээр 16 жилийн хорих ял сонсоод байгаа бөгөөд уг шийдвэр мөн давж заалдах шатанд хянагдаж байна. Манхэттэний шүүхээс 15 жилийн ял сонссоны дараа түүний өмгөөллийн баг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.