Технологийн дэвшлийг ашиглах талаар нэгдсэн сургалт зохион байгуулав

Технологийн дэвшлийг ашиглах талаар нэгдсэн сургалт зохион байгуулав

Орчин цагт гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр нарийсч, хувьсан өөрчлөгдөж буй. Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ тэдгээрийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, ашиглах чадвартай алба хаагчдыг бэлтгэх шаардлага үүсч байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл Нийслэлийн Шүүх шинжилгээний газартай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад “Шүүх шинжилгээний арга, техник, технологийг хууль сахиулах ажиллагаанд ашиглах нь” сургалт, практик дадлагыг өчигдөр /2026.09.22/ зохион байгууллаа.

6cd46c9caac545a29723b9d27f47eef6

Тус арга хэмжээ дотоодын цэргийн 05-р ангид зохион байгуулагдсан бөгөөд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, дүүргийн эрүүгийн хэргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо.

Сургалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст шинээр нэвтрүүлж буй 3D сканнер бүхий виртуал төхөөрөмжийг хэргийн газрын үзлэг, нотлох баримтыг бэхжүүлэх, шинжлэн судлахад ашиглах боломж, практик хэрэглээг танилцуулж, алба хаагчдад бодит дадлага хийлгэлээ. Энэхүү технологийн тусламжтайгаар хэргийн газрын орчин, объект, эд мөрийн баримтыг гурван хэмжээст өгөгдөл болгон дижитал хэлбэрээр баримтжуулж, ул мөр, объектын байршил, харилцан хамаарлыг хадгалан үлдээх боломжтой. Ингэснээр хэргийн газрын нөхцөл байдлыг дахин сэргээн харах, шинжлэх, нотлох ажиллагаанд ашиглах хүрээ нэмэгдэж байна.

f1c66ce4430e42019dfcf63fcf817764

Мөн албаны нохойн сургалт, үнэр илрүүлэлтийн ажиллагаатай танилцаж, хэргийн газраас илэрсэн үнэрийн ул мөрийг шинжлэх, харьцуулах, хадгалах чиглэлээр байгуулахаар ажиллаж буй “Үнэрийн лаборатори”-ийн үйл ажиллагаа, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглээний талаар танилцуулав.

Хууль сахиулах байгууллагын техник, хэрэгслийн шинэчлэлийг зөвхөн тоног төхөөрөмж худалдан авах түвшинд бус, алба хаагчдын өдөр тутмын ажилд бодитоор нэвтрүүлж, хэрхэн зөв ашиглах талаар дадлагажуулах нь чухал юм.

Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, техник хэрэгслийг сайжруулж технологийн дэвшлийг нэвтрүүлэх нь иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Энэ хүрээнд сургалтад оролцсон байгууллагууд хэргийн газрын үзлэг, шүүх шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагаанд техник, технологийг үр дүнтэй ашиглах, мэдээлэл солилцоо болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. 

7277067372494033a6b787f7088c9e75

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.