61 настай жүжигчин Моника Беллуччи загварын сэтгүүлийн нүүрийг чимжээ
Италийн нэрт жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи "Harper’s Bazaar" сэтгүүлийн Испани дахь хувилбарын аравдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсыг чимж, тусгай зураг авалтад оролцсон байна. Тэрбээр уг төслийн хүрээнд дэлхийн тэргүүлэх загварын орднуудын бүтээлээр гоёж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан гэрэл зургуудаасаа дэлгэжээ.
Зураг авалтын үеэр алдарт жүжигчин "Dolce & Gabbana" брэндийн гүн ухлаадастай, бие барьсан хар даашинз болон "Fendi" ордны торгон хилэн хосолсон тансаг даашинзыг өмсөн дуранд буусан байна. Түүнчлэн "Gucci"-гийн хар торгон даашинзыг "Christian Louboutin" брэндийн өндөр өсгийттэй хослуулж, "Tom Ford"-ын сүлжмэл кардиган, "Matières Fécales" брэндийн твид хослол болон "Valentino"-гийн улаан өнгийн даашинзаар дүрээ баяжуулжээ. Эдгээр хувцаслалтыг "Cartier" брэндийн урт унжлагат ээмэг, нүсэр бөгж, том зүүлт бүхий үнэт эдлэлүүдээр чимэглэсэн байна.
Мэргэжилтнүүд жүжигчний нүдийг тодотгосон нүүр будалт хийж, үсийг нь долгиолуулан ар тийш нь янзалсан нь сонгодог, ихэмсэг хэв маягийг тодотгосон байна.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Моника Беллуччи хөгшрөлт (нас ахих үйл явц)-ийн талаар дэлгэрэнгүй өгүүлж, үүнээс огт эмээдэггүй болохоо илэрхийлжээ. Тэрбээр, "Бодит байдал дээр өөр сонголт гэж үгүй. Хүнд нас ахих явцыг нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрөх, эсвэл хорвоог орхих хоёр л зам бий. Үүнийг энэ өнцгөөс нь харвал би өтлөх замыг мянгантаа илүүд үзнэ. Нас ахина гэдэг нь та амьд үлдэж, өмнөө ирээдүйтэй байгаагийн том аз завшаан юм" хэмээн онцолсон байна.
Өдгөө загвар болон кино урлагийн тавцанд уран бүтээлээ туурвисаар буй алдарт жүжигчний энэхүү байр суурь нь цаг хугацааны өөрчлөлтийг дарамт бус харин байх ёстой жам ёсны үйл явц хэмээн харах өөдрөг үзлийг олон нийтэд түгээж байна.
Эх сурвалж:
• lux.fm
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.