🔴Д.Амарбаясгалан: Засгийн газрыг огцруулах асуудал яривал намаас хөөнө гэх заалт хаана ч байхгүй

AI хөрвүүлсэн
🔴Д.Амарбаясгалан: Засгийн газрыг огцруулах асуудал яривал намаас хөөнө гэх заалт хаана ч байхгүй

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан улс төрийн намын дотоод нөхцөл байдал, 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа, төсвийн тодотгол болон засаглалын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: 

-Шантааж хийх, бойкотлох үйлдлийг олон нийт шүүмжлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эрүүл үзэгдлийн төлөө, улс орны хэмжээнд шийдэгдээд урт хугацаандаа хохирол учруулж болзошгүй асуудал дээр дан ганц нам гэлтгүй улс төрчид бойкот хийж, үйл ажиллагаагаа илэрхийлэх нь байх ёстой зүйл. 

Мөн 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлэх үйл явцыг 2022 оноос эхлүүлж, парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцлийн үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өнөөдөр таван нам, эвсэл парламентад төлөөлөлтэй болсон. Одоо энэ таван нам, эвсэл орж ирсэн парламентын зөв жишиг соёлыг бид нутагшуулах учиртай. Үүнийг зөв хэрэгжүүлж чадахгүй бол "парламентын засаглал утгагүй юм байна" гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэх сонирхолтой этгээдүүд олон бий. 

Улс төрийн нам институци болж чадахгүйгээс төр үймээн самуунтай болж, төрд гарч байгаа хүмүүс намыг зөвхөн албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгөд хүрэх хэрэгсэл болгодог гажуудал үүссэн. Иймээс намыг мэргэжлийн институци болгохын тулд би өөрөө УИХ-д нэр дэвшихгүйгээр найман жил намын генсекээр ажилласан. Гэвч өнөөдөр намыг институц болгох зорилго алдагдаж, үзэл бодол нийлээгүй цөөнхөө намаас хөөх, дарамтлах, хууль хяналтын байгууллагаар айлган сүрдүүлэх үйлдэл гарах болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг огцруулахаар албан бланк ашиглуулсан хэргээр П.Сайнзоригт хэрэг үүсгэсэн зохион байгуулалттай үйл явдал өрнөсөн. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход залуу 30 гишүүн зарчим шаардахад УИХ-ын гишүүн Э.Болормаа дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан Сонгуулийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг Эрүүгийн хуулиар ял тулгахаар хэрэг үүсгэсэн. Засгийн газрыг огцруулах чуулганыг удирдсан Х.Булгантуяаг Үндсэн хуулийн цэцэд өгч, Үндсэн хууль зөрчсөн гэх асуудалд оруулсан. Намын даргад өрсөлдөж ялсан хүнийг Эрүүгийн хуулиар яллагдагч болгох оролдлого хийж байсан.

Өнөөдөр ч энэ байдал тасраагүй, шинэ, залуу гишүүдийг янз бүрийн асуудлаар дарамталж байна. С.Амарсайхан сайдын өчигдөр хийсэн мэдэгдэл нь энэ мэт улс төрийн дарамт шахалт дундаас гарсан зүйл. Төрийн мөрдөстэй генерал хүн хэний командаар гарч ирж хэвлэлийн хурал хийв гэдгийг эрүүл саруул хүн бүр ойлгоно. Одоогоос 13 жилийн өмнө Х.Тэмүүжин гишүүнийг сайд байхад нь цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохион байгуулалттайгаар огцруулах акц хийж байсантай яг адил үйл явдал давтагдлаа.

Үндсэн хуулиас эхлээд аль ч хуульд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан эсвэл кноп дарсан гишүүнийг намаас хасах тухай заалт байхгүй. МАН-ын дүрэмд ч байхгүй, тэр бүү хэл Я.Содбаатарын ширээний нүдэнд байгаа журамд ч тийм зүйл байхгүй. Огт байхгүй зүйлээр улс төр хийж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын эсрэг дайсан бэлтгэж буй мэт үйлдэл гаргаж байна.

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой зардал үндсэн төсвөөрөө батлагдаад явж байгаа. Харин төсвийн тодотголоор дамжуулж маш олон зүйлийг нууж оруулж ирдэг учраас маргаан үүсдэг. Бид 1-2 өдөр хуралдаагүй гэдгээр буруутан болох ёсгүй, харин төсвийг илүү нягталж, хортой үр дагавраас сэргийлэх нь улс оронд хэрэгтэй. 

Намайг намын Их хуралд орж намын даргад өрсөлдөх вий гэхээс эмээж дөнгө зүүх гэж оролдсон алхмууд хийгдсэн. Үнэн мөн нь тогтоогдох болно. Бид эрүүл төрийн тогтолцооны төлөө өндөр золиос гарган зүтгэж байна. Хувийн хэвшлийн хийж чадах, өрсөлдөх салбарт төр огт орох ёсгүй. Зөвхөн хувийн хэвшил сонирхохгүй байгаа нийгмийн хариуцлагын салбарыг л төр хариуцах ёстой. 

МАН хоёр дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа эрх мэдлийн бялуурал үүсэх эрсдэлтэй байсан тул улс төрийн тэнцвэрийг хадгалахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй холимог тогтолцоог нэвтрүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас, өөрөө УИХ-ын даргаас огцорсон ч үүндээ харамсахгүй, парламентын ардчилал ажиллаж байгаагийн илрэл хэмээн үзэж байгаа. 

30 гишүүнийг цөөн болсон, Үндэсний эвсэл рүү орж байгаа гэх мэдээлэл нь зориуд тараасан худал мэдээлэл. Эдгээр гишүүд намын даргын сонгуулийн үеэр нэг зарчим дээр нэгдсэн. Гэтэл тэднийг болон эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар Засгийн газрыг унагах гэж байгаа мэтээр гүтгэж, намын гишүүдэд үзэн ядуулах улс төр хийж байна. Тухайлбал, Л.Энх-Амгалан сайдын 3.5 тэрбумтай холбоотой файлыг олоод шаардлага тавьсны төлөө эсрэгээр нь гэмт хэрэгтэн болгох гэж оролдсон. Хариуцлага алдсан сайд нар өөрсдөө Ерөнхий сайдынхаа эсрэг үймүүлж байна. Энэ асуудлыг Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж нухацтай тавина гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.