Энэ онд хилийн чанадад Монгол Улсын 90 иргэн амь насаа алджээ
Япон Улсад дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны Консулын газарт хандан гомдол гаргаж, мэдээлэл хүссэн хүсэлт гаргасан байна. Үүний дагуу ГХЯ-наас Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын эрх бүхий мэргэжлийн байгууллагуудтай холбогдож, энэ төрлийн тохиолдолд авдаг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, ар гэрийнхний хүсэлтийн дагуу шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллажээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд хилийн чанадад зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсад иргэд осол гэмтэлд өртөх, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гарч буйг албаныхан онцоллоо.
ГХЯ-ны зүгээс нэн тэргүүнд иргэний нас барсан болон осол аваарт өртсөн талаарх мэдээллийг ар гэрт нь хүргэх, ар гэрийнхнийг нь тус улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай холбох, орчуулгаас эхлээд бусад төрлийн туслалцааг Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан үзүүлэх чиглэлээр ажилладаг байна. Мөн ар гэрийнхэнд нь визийн дэмжлэг үзүүлэх, суугаа улсын байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлахаас гадна шаардлагатай нөхцөлд ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн "Иргэдэд туслах сан"-гаас санхүүгийн бодит тусламж олгох зэрэг арга хэмжээг авдаг аж.
Хилийн чанадад гарсан нас баралтын тоон мэдээллээс дурдвал, энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар хилийн чанадад Монгол Улсын 90 иргэн амь насаа алдсан гэсэн бүртгэгджээ.
Эдгээр тохиолдлын тал хувь буюу 40 орчим нь өвчний улмаас, тэр дундаа тухайн улс орондоо эмчилгээнд байх хугацаандаа нас баржээ. Харин зуурдаар нас барсан найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан учир шалтгаан, нөхцөл байдлыг тухайн улсынх нь мэргэжлийн байгууллагууд шалган тогтоодог байна. Түүнчлэн он гарсаар хилийн чанадад Монгол Улсын найман иргэн өөрийн амийг егүүтгэж нас барсан гэсэн харамсалтай тоон үзүүлэлт бүртгэгджээ.
Япон Улсад гарсан тухайн хэргийн талаар есдүгээр сарын 11-ний өдөр илгээгч байгууллагаас нь цахим шуудангаар холбогдох мэдээлэл ирсэн байна. Улмаар есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Хөдөлмөрийн атташегаас тодруулахад уг явдал нь үйлдвэрлэлийн осол байсан болохыг мэдээлжээ. Одоогоор тус үйлдвэрлэлийн ослыг Япон Улсын цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж, үзлэг шинжилгээний ажил хийгдэж байгаа тул эцсийн албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тухайд "ур чадварын дадлагажигч" болон "ур чадвартай ажилтан" гэсэн хоёр өөр статустай байдгийг албаны хүн тайлбарлав. "Ур чадварын дадлагажигч" нь тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар дамжин гурван жилийн гэрээтэй ажиллахдаа Япон Улсын техник, технологийг сурч эзэмшин, эх орондоо буцаж ирж ажиллах үндсэн зарчимтай байдаг. Харин "ур чадвартай ажилтан" нь төрийн байгууллагаар дамжин мөн гурван жилийн гэрээтэй явдаг бөгөөд тухайн чиглэлээрээ (тухайлбал, асрахуйн чиглэлээр) мэргэжлийн шалгалт өгч тэнцсэнээр тус улсдаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой байдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.