НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 43 сая төгрөг төлүүлэхээр болжээ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэм буруутайд тооцлоо.
Шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Түүнчлэн эхнэрийнхээ автомашинд байршил тогтоогч GPS нууцаар байрлуулан хууль бусаар мөрдөн мөшгөсөн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
Харин түүнийг 2005-2020 онд эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт болон Дээд шүүхийн аргачлалыг баримтлан хохирогчдод учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг нарийвчлан тогтоожээ.
Тодруулбал, хохирогч Н-д сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 27,720,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна насанд хүрээгүй хохирогчид сэтгэцийн хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоогдож, 15,840,000 төгрөгөөр тооцсоноор нийт 43,560,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар болов.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Эрдэнэсүх болон түүний өмгөөлөгч нараас хохирогчдод тогтоосон сэтгэцийн хохирлыг сайн дураар нөхөн төлөх зорилгоор ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргажээ. Шүүх уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасны дагуу хангаж, хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулсан байна. Хуралдаан товлосон хугацаанд үргэлжлэх бөгөөд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.