🔴Д.Ганбат: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг хүндэтгэлтэй хүлээж авсан
УИХ-ын гишүүн Д.Ганбатад "Ардчилсан сэргэлт" холбооноос Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьжээ. Тэрээр энэ саналыг хүлээн авч, сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын ээлжит чуулганд ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон нийт гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнээсээ сонгогддог. Сонгогдохын өмнө намууд ч, гишүүд ч ард түмэндээ олон амлалт өгч, Монголын ард түмний төлөө, нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөн, Монгол Улсын амьдрал ахуйг сайжруулах мөрийн хөтөлбөр дэвшүүлж төрийн түшээ болдог.
Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай, эрчим хүчний дутагдалд орсон, гадаад харилцааны болон худалдааны гацаа үүссэн, олон газарт дайн байлдаантай байгаа энэ эгзэгтэй үед гишүүд эв нэгдэлтэй байж, хүндрэл бэрхшээлийг даван туулах учиртай. Үндсэн хуульд зааснаар Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой бөгөөд УИХ нь чуулган, байнгын хороодоороо дамжуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх үүрэгтэй.
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, он гараад нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид болон багш, эмч нарын цалинг зохих хэмжээгээр нэмнэ гэж байгаа ч өнөөдөр инфляц хоёр орон тоонд хүрсэн, хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 хувиар өссөн байгаа нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүрэн үнэгүйдүүлж байна. Хуульд үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэхээр заасан байдаг. Иймээс 126 гишүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, сонгуулийн өмнө өгсөн амлалтдаа хүрэх ёстой. Төр дотроо бие биеэ барьцаалсан байдалтай байж болохгүй.
Ерөнхий сайдын зүгээс авлига, гэмт хэрэгтэй тэмцэж, хариуцлага тооцохоор ажиллаж байгааг намын зүгээс болон хувь хүний хувьд дэмжиж байгаа.
"Ардчилсан сэргэлт" холбоо нь УИХ-д 10 гаруй гишүүнтэй, Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй, уламжлал, шинэчлэлийг хослуулсан, ардчилал, эрх чөлөөг дээдэлсэн бүтэц юм. Энэ холбооноос намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж санал тавьсныг би хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа.
Манай бүлэг хоёр, гурван одтой шийдвэр гаргадаг жишигтэй. Гэхдээ одоогоор тийм шийдвэр гараагүй. Авсан байсан гурван хоногийн завсарлагын хугацаа дууссан гэж ойлгож байгаа. УИХ-ын чуулганд суухгүй гэж төрийн ажлыг барьцаалах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Хууль бус, Үндсэн хуулийн эсрэг асуудал хэлэлцэх үед гишүүн мэдэгдээд хурлыг орхин гарах хуулийн зохицуулалт байдаг болохоос биш өнөөгийн нөхцөлд чуулганыг бойкотлох шаардлага байхгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.