🔴Ж.Батжаргал: Чуулганы ирцээ бүрдүүлэхийг хичээж байна. Хөдөө, гадаанаас гишүүдээ дуудсан

AI хөрвүүлсэн
🔴Ж.Батжаргал: Чуулганы ирцээ бүрдүүлэхийг хичээж байна. Хөдөө, гадаанаас гишүүдээ дуудсан

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: 

-МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд 43 гишүүн оролцож, 2027 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2028, 2029 оны төсвийн төсөөллийн талаар санал, байр сууриа нэгтгэлээ. 

Олон нийт Оюутолгойн ногдол ашиг 2037 онд орж ирнэ гэсэн ойлголттой байсан. Засгийн газар хөрөнгө оруулагч талтай удаа дараа уулзаж, хэлэлцээ хийсний үр дүнд менежментийн төлбөрийг бууруулж, зээлийн хүүг багасгасан. Мөн зээлийн хүүгийн асуудлыг долоон жил тутамд ярьдаг байсныг наашлуулж, гурван жил болгон татсан. Ингэснээр хөрөнгө оруулагч талтай зөвшилцөж, Монгол Улс 2027 онд ногдол ашиг хүртэх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэж чадсан. 

Урьдчилсан тооцооллоор 2027 онд гурав орчим их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх төсөөлөлтэй байна. Баялгийн сангийн тухай хуулийн дагуу үүний нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын сан руу төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг улс орны хөгжлийн бүтээн байгуулалт руу чиглүүлнэ. Засгийн газраас Эрчим хүчний VI цахилгаан станц болон 10 аймагт хэрэгжиж байгаад гацсан дулааны станцын төсөл зэрэг томоохон ажлуудыг урагшлуулах санал оруулж ирсэн. Ямар ч байсан гуравны нэгийг нь Баялгийн санд, гуравны хоёрыг нь бүтээн байгуулалтад зориулна гэсэн шийдэлд хүрсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог МАН-ын бүлэг дээр ярихгүй. Намын Удирдах зөвлөлөөр хэлэлцээд, Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн саналыг дэмжсэн тул шууд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Бид УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хэрэв Удирдах зөвлөл болон бүлгийн шийдвэрийг мэдсээр байж чуулганд орж ирэхгүй, оролцохгүй байгаа бол намын дүрэм, журмын хүрээнд асуудлыг ярина. Бүх зүйл дүрэм журмын дагуу үе шаттай явах учиртай, шууд хамгийн эцсийн арга хэмжээ рүү түлхэхгүй. 

Төсвийн тодотголыг бүлгийн өмнөх хуралдаанаар дэмжсэн. "Гэрт ойрхон бага сургууль" асуудлыг бид хууль журмын дагуу шийдэх ёстой. Хэдэн жилийн өмнө бид хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд сугалаа сугалж байсныг санаж байгаа байх. Тэр үед хотхон, хороолол дундах боломжит байруудыг судалж, түрээслэхийг нь түрээслэн, стандартын дагуу тохижуулснаар цэцэрлэгийн асуудлыг шийдэж чадсан. Үүнтэй адил бага сургуулийг шийдэхэд есдүгээр сарын 1-нээс хойш 1,900-9,700 орчим хүүхэд хотхоны бага сургуульд хамрагдаж байна. Энэ нь Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа тул цаашид үргэлжлүүлэх нь зөв. 

Намын бүлэг дотор "30:38"-ын талцал хэвээрээ байгаа мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Зарим гишүүд зүгээр л хөдөө орон нутаг болон гадаадад ажиллаж байсан. Өнөөдөр бид 44-үүлээ суугаад хуралдаж байна. Энэ тоо нь 38-аас даваад явж байгаа нь манай бүлэгт ямар нэгэн хагарал, талцал байхгүйг нотолно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.