Дуудлага худалдаагаар 84 саяын үнэд хүрсэн газрыг садандаа хоёр сая төгрөгөөр олгожээ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Билэгсайханы албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн эцэс, Амгалан орчим дахь 600 ам метр талбайтай нэгэн газрыг дуудлагаар худалдаж, энэ нь анхны үнээсээ өсөж, 84 сая төгрөгт хүрсэн аж. Гэвч уг газрыг худалдан авсан, садан төрлийн холбоотой Г.Буяндэлгэр гэх эмэгтэйд хоёр сая 95 мянга 500 төгрөг гэж газрын төлбөрийн нэхэмжлэх бичиж, зориуд дутуу төлүүлэн шилжүүлж өгчээ.
Үүнийхээ хариуд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Билэгсайхан 1.5 сая төгрөг хахууль авсан байна. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Г.Билэгсайханд Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Түүнд дансаараа 1.5 саяыг шилжүүлсэн Б.Буяндэлгэрт нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн дээрх хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар ял сонсгожээ. Уг хэргийг тус шүүх энэ оны нэгдүгээр сард хэлэлцээд Г.Билэгсайханд нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасахаар болжээ. Г.Буяндэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, долоон сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Г.Билэгсайхан, Г.Буяндэлгэр нарт холбогдох хэргийг өмгөөлөгчийнхөө хамт гаргасан гомдлыг үндэслэн өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр болсон юм. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүх дахин хянан хэлэлцээд Г.Билэгсайханд хоёр жил хорих ял шийтгэв. Харин Г.Буяндэлгэрийг дөрвөн сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ. Нийтийн албанд ажиллах эрхийг өмнөхтэйгөө ижил хугацаагаар хасжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.