Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа
Урьд нь, улс төр хавар халдаг байв. Харин одоо намар улайсдаг болжээ. Сүүлийн хэдэн өдөр, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш улс төр сүрхий халлаа. Улмаар, УИХ-ын ээлжит чуулган ч улс төрийн элдэв сюрпризээр дүүрэн нээлтээ хийв.
Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулган зарласны дараа АН-аас “УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн хууль бус тодотголын төслийг хүлээн авч, ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хууль зөрчлөө. Иймээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгнө” гэж мэдэгдсэн. Ээлжит бус чуулган эхлээд удалгүй “Ерөнхий сайдын хамаарал бүхий дунд сургуулийн санхүүжилтэд 3.5 тэрбум төгрөг олгох гэж байсан” гэдэг төсвийн задаргааны мэдээлэл задарч улс төрийн улам хөөргөдсөн. АН-ынхан үүгээр улс төр хийхээ марталгүй, маш сайн зуурч авав. МАН-ын “сөрөг хүчин”-ийнхэн ч Ерөнхий сайдын энэ шархан дээр дараастай хэд хонов.
Ингэж явсаар УИХ-ын ээлжит чуулганы нээлттэй давхцаад АН-ын Улс төрийн зөвлөлөөс “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв” гэсэн шийдвэр гаргасан. Тэд үүгээрээ МАН-ынхны дунд зөрчлийн “яс” хаясан юм.
Учир нь, тэнд АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн талаарх мэдээлэл хагас дутуу тарав уу, үгүй юу МАН-ынхан энд нанчилдаад эхэлсэн. Энэ дундаас ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тус газрын удирдлага дахь хурандаа нарыг тойруулж суулгаж байгаад ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг гөвсөн нь хамгийн ноцтой бөгөөд халуун үйл явдал байлаа.
Мэдээжийн хэрэг, Ц.Нямдорж, Б.Хурц хоёр шиг хурцын хурц зөрчилгүй бол өөрийн санаачилгаар сайдаа гөвж суудаг генерал Монголд төрөх болоогүй, тийм хөрс ч бүрдээгүй байна. Тиймээс “А.Намсамандыг яриулсан улстөрч хэн бэ” гэдэг цагийн уртад тодорч таарна.
Ямартай ч А.Намсаманд сайдаа гөвсний маргааш уг мэдээллийн “бай”, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ХЗДХЯ дээрээ сэтгүүлчдийг урьж аваачаад “Гэр бүлийг минь хүний ёсонд баймгүйгээр гүтгэсэн. Иргэн, эцэг хүний хувьд гомдол гаргаж шалгуулсан боловч энэ гүтгэлэг улам даамжирч, хил хязгаараа алдлаа. Монголын улс төрд хэрүүл, тэмцэл байсаар ирсэн ч гэр бүл, үр хүүхдийг нь улс төрийн барьцаа болгон нийгэмд амьдаар нь дүүжилдэг увайгүй явдал урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй. Улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудыг өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ өнөөдөр сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээр улайран ажиллаж байна. Энэ бүлэглэл төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулж, эцэстээ улс орныг самарч дуусгах хэмжээнд хүрлээ” гээж ярьсан.
Мөн өмнөх өдөр нь мэдээлэл хийсэн ШШГЕГ-ын дарга, дэд дарга, Тамгын газрын даргын талаарх товч “танилцуулга” хийсэн. Араас нь “2012 онд Х.Тэмүүжин сайдын үед нэг эмэгтэйг ашиглан хууль хүчнийхэн сайдаа унагаж байсан шиг технологийг дахин хэрэглэж байна. Намайг сайдаар томилогдох үеэс эхлэн Б.Булнай гэх эмэгтэйгээр бичлэг хийлгэж, намайг “Охиноо хүчирхийлсэн, жирэмсэн болгосон, эхнэр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн” гэх мэт хүн ёсноос гажууд гүтгэлэг тараасан. Б.Булнай нь Г.Занданшатарын ойрын хамаатан, бөө удган нэртэй хүн. Түүний “Арвин ур” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн байр, Шуурхай удирдлагын штаб, хэвлэлийн танхим, байцаалтын өрөөний засвар зэрэг 1.2 тэрбум төгрөгийн тендерийг авч, цагдаа нарыг нууцаар бичиж барьцаалдаг, шантаажилдаг сүлжээтэй байсан. Мөрдөгч н.Дашцэрэн түүний гэрт очиж хууль бусаар бичлэг хийж, сайдын нэрийг зориуд оруулж тохиролцох гэж оролдсоныг шалгуулахаар өгсөн. ШШГЕГ-ын харьяа өндөр чанарын нүүрс болон гантиг чулууны ордыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар болон албаны хүмүүс хамтран ашиглахаар хувийн хэвшил, гадаад дотоодын этгээдүүдтэй холбох үүрэг даалгавар өгч байсан” гэсэн юм.
Түүнчлэн С.Амарсайхан ШШГЕГ-ын удирдлагуудыг чөлөөлүүлж, нэр дурдагдсан этгээдүүдийг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр С.Амарсайханыг сайдаас, А.Намсаманд болон хурандаа нарыг ШШГЕГ-ын удирдлагаас чөлөөллөө. Түүнчлэн, С.Амарсайханы мэдээллийн “бай” нь болсон Г.Занданшатар өчигдөр “С.Амарсайханы мэдэгдэлд ямар ч үнэн зүйл байхгүй” гэж мэдэгдлээ.
Гэвч, өнгөрсөн хугацаанд боловсролоор нүүр, парламентын төлөвшлөөр жигүүр хийж төрийн түшээний статусаа алдалгүй явж ирсэн Г.Занданшатарт хүнд цохилт болчих шиг боллоо. ХЗДХ-ийн тамга атгасан сайд ХЗДХЯ-ны байранд баахан баримт овоолж тавьж байгаад хийсэн мэдээлэлд хэвлэл мэдээллийнхэн, олон нийт итгэхгүй байх аргагүй юм.
Нөгөөтэйгөөр, олон нийтийн сүлжээ, бусад хэлбэрээр түгж байгаа зарим нэг баримт С.Амарсайханы ярьсныг үнэнд ойртуулж байна. Үнэн хэрэгтээ, Г.Занданшатар мянган удаа “Намайг гүжирдлээ” гээд ч энэ мэдээллийг олон нийт мартахааргүй болчих шиг боллоо. Угаасаа, улстөрчдийн ийм мэдээллийг хэн ч юугаар ч цайруулах гээд нэгэнт цацагдсан “хар будаг” толбогүй арилдаггүй номтой. Үүнээс гадна, “Н.Учралын гарын үсгээр чөлөөлөгдөж магадгүй болсон С.Амарсайхан яагаад Г.Занданшатарыг онилов оо” гэдгийг олон нийт, улс төрийн хүрээнийхэн сонирхоод багагүй л ярилцаж байна. Урьд нь, Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын хуралдаанаас шууд хөөж байсан Г.Занданшатарт С.Амарсайхан талархаж явдаггүй нь тодорхой юм. Гэхдээ, “С.Амарсайхан тэгтлээ өс саналаа гэхэд ийм зүйлийг баримтгүй наах тэнэг бөгөөд гэнэн улстөрч биш” гэдгийг бас онцолцгоож байна. Товчхондоо, “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг шиг Г.Занданшатар ямар нэг оролцоогүй бол С.Амарсайхан юунд ингэж нэр дурдах билээ л гэнэ. Үүний зэрэгцээ МАН-ын тун цөөхөн хүн Г.Занданшатарыг С.Амарсайханаас өмөөрч байх юм. Энэ нь анхаарал татлаа.
Ер нь бол, МАН-ынхан сүүлийн үед Г.Занданшатарын талаар нэг зүйл яриад байдаг болсон юм. Юу гэвэл, “Г.Занданшатар сонгуульд ялагддаг. Тэгсэн хэрнээ ялагчийн ямба эдэлдэг” гээд ярих болсон. Үүнийг улс төрийн хүрээний хүмүүс, улс төрийн сэдэв “хөөдөг” сэтгүүлчид бол хэдийнэ сонссон байх ёстой. Удаан хугацаанд яригдаж байгаа юм.
Яагаад гэхээр, УИХ-ын 2016 оны сонгуулиар М.Энхболд намаа авч ороод ялалт байгуулсан. Сонгуулийн дараа тэрээр УИХ-ын дарга болсон. МАН-ын 33-ын бүлэг 2019 оны эхээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад оронд нь Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргын суудлаас “үсэрч” очсон. Дараа нь, УИХ-ын 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнэ намаа удирдаж ороод ялсан. Тэрээр сонгуулийн дараа Ерөнхий сайд болсон. Жил хүрэлгүй, бас л МАН-ын одоогийн 38-ын бүлэг огцруулсан. Оронд нь, УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдчихаад ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар “дэвхрээд” оччихсон. Харин өнөөдөр Г.Занданшатар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд тун идэвхтэй бэлдэж байгаа аж. Үүнд нь ч МАН доторх үеийнхэн нь, түүнээс гадна журмын ах нар нь, дүү нар нь таатай хандахгүй байгаа нь нууц биш юм. Тэд “Зандан дарга одоо болно доо” л гэж байна. Учир нь, тэдэнд “Хэрвээ одоо Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид явуулбал ямар нэг сонгуульд хариуцлагатай орох, ялж байж л албан тушаалд хүрдэг улс төрийн шударга зарчим алдагдана” гэдэг болгоомжлол байгаа нуухгүй байна. Энэ талаас нь харвал С.Амарсайханы мэдээллийг МАН-ын 30 ч, 38 ч, ер дийлэнх олонх нь балиашигласан байх магадлалтай байна. Мэдээж, С.Амарсайхан ярьснаа, Г.Занданшатар ямар ч буруугүйгээ шалгуулж таарна.
Гэвч, улс төрийн хувьд Г.Занданшатар лав ойрын үеийн “жагсаалт”-уудаас хасагдчих шиг боллоо. Ер нь л хасагдчихлаа даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.