Эрт арга хэмжээ, эрт сэрэмжүүлгийн талаарх туршлагаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Онцгой байдлын ерөнхий газар ажилласан бөгөөд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Ус нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, хүн амын эрүүл мэнд, амьжиргаа, хүнс, эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн үндсэн нөөц билээ. Монгол Улсад тохиолдсон зудын давтамж хоорондын хугацаа ойртож 1944-1980 оны хооронд 9-10 жил, 1981-2000 оны хооронд 7-8 жил, 2001-2025 оны хооронд 3-5 жилийн давтамжтай болж байна. Түүнчлэн хаврын шар усны үер, гэнэтийн үерийн тохиолдлын давтамж, эрчим нэмэгдэж түүнээс учрах хохирлын хэмжээ өссөөр байна. Үерийн тохиолдлууд нь эргээд ургамлын гарцад нөлөөлж газрын доройтол, цөлжилтийг улам бүр гүнзгийрүүлэх нөхцөлийг бий болгох байна” гэлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Зудын эрсдэл ба 2023–2024 оны зудын сургамж”, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв “Зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт авах арга хэмжээ: Монгол Улсын туршлага, сургамж”, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа, доктор Д.Сэржмядаг “Усны гаралтай гамшгийн эрсдэл: Үерийн эрсдэлийн төлөв байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, МУЗН, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ.
Ингэснээр эрт арга хэмжээ, эрт сэрэмжлүүлэг, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх хамтын ажиллагааны боломжийг тодорхойлж, туршлага солилцлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.