Зарим голын усны түвшин 10-70 см нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот болон Алтанбулаг сум/, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Урдтамир, Хөгшин Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги /Арвайхээр, Сайхан-Овоо сум/, Таац, Зэгстэй, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгджээ.
Мөн Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг гол үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 31-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 15 см, Онон гол Дадал сум орчимд 30 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.