НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын говийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад Дундговь аймгийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөл оролцов. Залуучуудын оролцоог чухалчилсны дагуу Дундговь аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл оролцож, дэд тэргүүн Э.Энхтөр, тэргүүлэгч гишүүн Б.Болормаа нар цөлжилтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, төрөлх нутгийнхаа байгаль орчны доройтолд санаа зовниж буйгаа ярилаа.
Уулзалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон талаар дурдав. Тэрээр Монгол Улс дэлхийн хэмжээнд цөлжилтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд Дундговь аймаг цөлжилт, газрын доройтлын түвшнээр улсын хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгдэж байгааг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцов.
Мөн COP17 бага хурлын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилга болон сэдэвчилсэн өдрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн COP17 бага хурлын үеэр Монгол Улсын байр суурийг тусгах бүс нутгийн зөвлөмж болгон хүргүүлэхээр төлөвлөж байна.
Тус ажлын баг 6 дугаар сарын 22-нд Дундговь аймагт ажилласан бөгөөд өнөөдөр Өмнөговь аймагт зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллахаар төлөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.