АНУ-д ажил хайж буй иргэдийн тоо огцом өсжээ
Америкийн Нэгдсэн Улсын хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны статистик үзүүлэлтүүд эерэг гарч байгаа хэдий ч ажил хайгчдын хувьд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж байна.
Ажилд авах, халах үйл явц удааширсан энэхүү үзэгдлийг геополитикийн тогтворгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан бүтцийн өөрчлөлт болон цөөн хэдэн салбарын хэт төвлөрлөөс үүдэлтэй хэмээн эдийн засагчид онцолж байна.
Хэдийгээр ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай буюу сүүлийн арван жилийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа ч энэ нь бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 115,000 шинэ ажлын байр нэмэгдсэн боловч сүүлийн зургаан сарын дунджаар сард ердөө 55,000 ажлын байр шинээр бий болжээ. Түүнчлэн нийт ажиллах хүчний шинээр ажилд орох үзүүлэлт 3.5 хувь хүртэл буурсан нь 2008 оны санхүүгийн хямралын дараах зогсонги үетэй ижил түвшинд хүрснийг харуулж байна.
Шинээр бий болж буй ажлын байрны тал хувь нь зөвхөн эрүүл мэндийн салбарт төвлөрч, үлдсэн хэсэг нь жижиглэн худалдаа, тээвэр ложистикийн салбарт хуваарилагдаж байна.
Харин өндөр цалинтай технологи, санхүү, мэргэжлийн үйлчилгээний салбарын ажлын зар 2023 оны эхэн үетэй харьцуулахад 67 хувиар огцом унажээ. Үүний зэрэгцээ компаниуд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дунд шатны удирдлага болон захиргааны ажлуудыг автоматжуулж байгаа нь ажлын байрны орон тоог эрс хумих шалтгаан болж байна. Мөн Ирантай хийж буй дайны улмаас эрчим хүч, шатахууны үнэ өсөж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс болгоомжлон шинээр ажилтан авахаа зогсооход хүрчээ.
Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдал залуу үеийнхэнд хамгийн хүндээр тусаж байна.
2026 онд их сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байгаа бол 22-27 насныхны дунд мэргэжлээрээ ажиллахгүй байх үзүүлэлт 41.5 хувьд хүрч, цар тахлаас хойших хамгийн өндөр цэгтээ очлоо. Түүнчлэн өсвөр насныхны зуны амралтын ажлын зах зээл 1948 оноос хойших хамгийн муу түвшинд хүрч, үйлчилгээний салбарын ажил олгогчид улирлын чанартай ажилтан авах явдал өмнөх оноос 70 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.