Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувийн саналаар дэмжигдэж, эцэслэн батлагдав.
 
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Чөлөөлье” аяныг БОУАӨЯ дэмжиж, байгаль орчны салбарт 31 тусгай, 16 энгийн буюу нийт 47 зөвшөөрөл мөрдөгдөж байгааг 37 болгон өөрчлөх саналыг боловсруулаад байна. Түүнчлэн эрх зүйн шинэчлэл хийхээр салбарын 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998 онд батлагдаж 2012 онд шинэчлэн найруулагдсан.
Уг хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалтын хувьд давхцах, тодорхой бус, хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг бэрхшээл гарах болсон.
Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.13-д заасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, бизнес дэх байгаль орчны үнэлгээний ангиллыг цөөрүүлж, төрийн оролцоог бууруулах” зорилтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганаар соёрхон батлуулжээ.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж эдийн засаг, хөгжлийн хувьд харилцан адилгүй боловч байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж байгаа эрх зүйн орчин ижил түвшний Англи, Канад, Өмнөд Африк, Хятад, Казакстан зэрэг улс болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг үйл ажиллагаандаа ашигладаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг олон улсын байгууллагын туршлагыг судалж, харьцуулсан шинжилгээ хийж олон улсын жишигт нийцүүлэн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. 
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд орсон гол өөрчлөлтийг танилцуулъя.
 
1. ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ БОЛГОЖ ХЯЛБАРШУУЛАВ
 
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулиар хатуу тогтоосныг шинэчилж бүх төсөлд ижил материал шаарддаг, бусад гэсэн ангилал, чиглэл оруулснаар хуулийн хийдэл үүсэж шаардлагагүй төсөлд ч үнэлгээ хийх нөхцөл бүрдэж байсныг болиулж, ангилал чиглэлийг тодорхой болгож хүрээг тогтоож өгсөн. Ингэснээр Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 36 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудасны дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж ангилал буурах юм.
 
2. САНАЛ ӨГӨХ, БАТЛАХ ХУГАЦААГ ТОДОРХОЙ БОЛГОВ
 
Төслийн хүчин чадал, хамрах хүрээ, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл зэргийг үл харгалзах бүх төрлийн нарийвчилсан үнэлгээний тайланг Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг, ерөнхий үнэлгээний түвшинд Засаг даргын санал өгөхдөө олон төрлийн бичиг баримт шаардаж цаг авдаг, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй, хэлэлцэхгүй удсанаас төсөл хэрэгжиж чаддаггүй зэрэг одоогийн нөхцөл байдлаар хамгийн доод тал нь 120-152 хоногт батлагдаж байгаа үнэлгээг дунджаар 43-55 хоногт батлах боломжтой болсон.
 
3. НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХАМТАД НЬ ТООЦОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нэр томьёоны агуулгад нийгмийн нөлөөллийн асуудлыг тусгаж, журам, аргачлал, ангилалд олон нийтийн оролцоо, нийгмийн нөлөөллийн холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн. Ингэснээр БОННҮ-г олон улсын байгууллагаас тавигддаг стандарт шаардлагад нийцүүлсэн. Мөн Олон улсын банк санхүүгийн байгууллагаас нэмэлт үнэлгээ шаардахгүй. Нөлөөллийн бүсийн иргэдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг тооцсоноор гомдол барагдуулах механизм болон олон талт бүлгийн ярилцлага түүнээс гарсан санал, гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийн олон улсын фактын холбогдох заалтууд хангагдаж төслийн үе шатуудад үзүүлэх үр дагаврыг урьдчилан тодорхойлох, түүнийг бууруулах боломж бүрдэнэ.
 
4. ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгалах, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх явц, байгаль орчныг менежментийн төлөвлөгөөний биелэлтийг иргэд олон нийтэд нээлттэй байх зохицуулалтыг хуульчилсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.