"Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалтыг танилцуулах "Selbe city tour" автобуст аялал мягмар гарагт эхэлнэ
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах үндэсний мега төсөл болох Сэлбэ дэд төвийн ажлын явцыг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах зорилготой "Selbe City Tour" тусгай автобустай аялал 2026 оны 5 дугаар сарын 19-ний мягмар гарагаас эхлэн өдөр бүр зохион байгуулагдахаар боллоо.
Энэхүү аялал нь төслийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдэд газар дээрх бодит ажлын явцыг үнэн зөвөөр хүргэх зорилготой бөгөөд аялалд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Сэлбэ хот чиглэлд тусгай маршрутын дагуу зорчих юм. Аяллын явцад иргэд Сэлбэ хотын дахин төлөвлөлтийн бүсэд өрнөж буй дараах томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцана.
- Орон сууцны барилгажилт: Нийт 113 блок, 8575 айлын орон сууцны барилгын ажлын бодит явц,
- Нийгмийн дэд бүтэц: Шинэ хотын бүсэд төлөвлөгдсөн 5 цэцэрлэг, 8 сургуулийн байршил,
- Ногоон орчин ба эрүүл мэнд: 58 га талбайг хамрах аварга том ногоон байгууламж, гүйлт болон дугуйн замын трасс хаагуур хэрхэн хийгдэх шийдэл,
- Инженерийн шугам сүлжээ: Хотыг бие даан хангах дулааны болон цахилгааны эх үүсвэрүүдийн барилга угсралтын ажил орно.
"Selbe City Tour" автобуст аялал нь өдөр бүр 11:00 болон 14:00 цагуудад Сүхбаатарын талбайгаас хөдлөх бөгөөд маршрутын дагуу мэргэжлийн багийн тайлбартайгаар иргэдэд мэдээлэл хүргэх юм.
Аялалд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд иргэд тогтсон цагт цугларах цэгт ирж, автобусанд сууснаар шууд оролцох боломжтой. Хотын шинэ төв, ирээдүйн ухаалаг суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг ил тодоор тольдохыг хүссэн иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг тус аялалд нээлттэй оролцохыг урьж байна.
Холбоо барих мэдээлэл: Лавлах утас: 88030478
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.