Өдөрт зургаан сая бэлэн гоймон үйлдвэрлэдэг Өмнөд Солонгосын аварга үйлдвэр
CNN агентлагийн "K-Everything" цуврал нэвтрүүлгээр Өмнөд Солонгосын хамгийн том бэлэн гоймонгийн үйлдвэр болох "Nongshim" компанийн Гуми хот дахь салбарын үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.
Уг нэвтрүүлэг нь солонгос соёлын дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийг онцолсон бөгөөд өдөрт 6 сая ширхэг бэлэн гоймон үйлдвэрлэдэг тус байгууламжийн нүсэр цар хүрээг харуулсан байна.
Сөүл хотоос зүүн өмнө зүгт 270 километрийн зайд орших 400 мянган оршин суугчтай Гуми хотод байрлах энэхүү үйлдвэр нь 42,266 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг. Өнгөрсөн онд тус үйлдвэр 1.23 тэрбум ширхэг бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ нь 884 тэрбум вон буюу ойролцоогоор 598 сая ам.долларын борлуулалт юм. Дотоодын зах зээлд борлуулагдаж буй алдарт "Shin Ramyun" гоймонгийн 80 хувь, "Chapagetti" нэрийн бүтээгдэхүүний 90 хувийг зөвхөн энэ цэгт үйлдвэрлэдэг ажээ.
Үйлдвэрлэлийн хэмжээ асар их хэдий ч тус байгууламж ердөө 600 ажилтантайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг нь орчин үеийн дэвшилтэт технологитой шууд холбоотой.
Үйлдвэрийн шугамаар минутад 600 ширхэг гоймон дамжиж, уураар жигнэх, огцом шарах, савлах зэрэг бүх шат дамжлага бүрэн автоматжсан байдаг. Түүнчлэн бэлэн болсон бүтээгдэхүүнийг хайрцаглах, ачих цэг рүү зөөвөрлөх ажлыг тусгай роботууд гүйцэтгэдэг бол хиймэл оюун ухаанд суурилсан мэдрэгч болон ухаалаг камерууд нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар, жингийн тогтвортой байдлыг цаг алдалгүй хянадаг байна.
Энэхүү нүсэр үйлдвэрлэл нь Гуми хотын өнгө төрхийг бүхэлд нь өөрчилж байна.

Урьд нь нэхмэл болон цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ алдартай байсан тус хот уйтгартай аж үйлдвэрийн бүс гэх төсөөллийг эвдэхийн тулд 2022 оноос эхлэн "Бэлэн гоймонгийн наадам" зохион байгуулж, жуулчдыг татах болжээ. Солонгосчуудын өдөр тутмын хэрэглээ болсон бэлэн гоймонгийн эрэлт тасралтгүй өсөж, 2025 онд тус улсын иргэд 4 тэрбум гаруйг хэрэглэсэн нь нэг хүнд жилд дунджаар 77 аяга ногдож байна гэсэн үг юм.
Анх 1963 онд "Samyang Foods" компани Японы тахианы шөлтэй гоймонгийн жорыг өөрчлөн үхрийн мах, улаан чинжүүгээр баяжуулан гаргаж байсан бол өдгөө солонгос бэлэн гоймон дэлхийн зах зээлд хүчтэй түрэн орж байна.
Зөвхөн 2025 онд гэхэд л тус улсын бэлэн гоймонгийн экспорт 22 хувиар өсөж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн түүхэн дээд амжилт тогтоожээ. Цаашид ч "Nongshim" зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчид хиймэл оюун ухаан, робот технологийн тусламжтайгаар дэлхийн зах зээл дэх байр сууриа улам бүр бататгах төлөвтэй байна.
Эх сурвалж:
• kvia.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.