🔴Х.Нямбаатар: 40 жил улс төржсөн "ТЭЦ-5"-ын бүтээн байгуулалт эхэллээ

AI хөрвүүлсэн

Энэ жил Улаанбаатар хотод эрчим хүчний 6-7 томоохон төсөл хэрэгжиж эхэлж байгаа. Үүний дотор сүүлийн 40 жил яригдаж, улс төржилтийн улмаас гацаад байсан Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байгааг мэдэгдэж Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Дулааны V цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Тендерт "Ми Тайм Интернэйшнл" компани шалгарсан. Нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлээс гаргах бол үлдсэн 80 хувийг гүйцэтгэгч компани өөрөө босгоно. Энэ станц нь 100 мянган өрхийг цахилгаанаар (300 МВт), 150 орчим мянган өрхийг дулаанаар (340 Гкал/ц) хангах хүчин чадалтай байна. Эхний ээлжийн 150 МВт-ын блокийг 2028 оны нэгдүгээр улиралд, хоёрдугаар блокийг мөн оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Станцын байршлыг нийслэлийн баруун хойд хэсэг буюу дулааны дутагдалтай байгаа Баянголын ам, Толгойт, Ханын материал, Баянхошуу орчмын дэд төвүүд болон шинэ орон сууцны хорооллуудыг хангах зорилгоор сонгосон.

Энэ онд хэрэгжих бусад төслүүдийн хувьд Дэнжийн мянгын дулааны станц ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийг түшиглэсэн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын ажил эхэлсэн. Мөн Хаан хиллс орчмын хийн дулааны станц, Дэнжийн мянга дахь 93 МВт-ын хийн дулааны станц, Хүннү хот дахь 90 МВт-ын нарны дэлгэц болон цахилгаан хуримтлуур бүхий 24 цагийн ажиллагаатай станц, Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станц зэрэг төслүүд хэрэгжинэ. Өмнө нь Бөөрөлжүүтийн 300 МВт, Багануурын 50 МВт-ын цахилгаан станцын төслүүд амжилттай хэрэгжиж, төвийн эрчим хүчний системд нийлүүлэгдэж эхэлсэн.

Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх хүрээнд байгальд ээлтэй технологиор хог шатааж, 34 МВт цахилгаан болон дулаан үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрийн төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Өмнө нь БНХАУ-ын компани шалгарсан ч дотоодын аж ахуйн нэгжийн шүүхэд гаргасан гомдлын улмаас цуцлагдаж байсан бол дахин нээлттэй тендер зарлаж, одоогоор гурван компани эцсийн шалгаруулалтад үлдсэн. Энэ гэрээг зургаадугаар сард багтаан эцэслэн байгуулна. 24 сарын хугацаанд тус үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.

Хотын дарга эдгээр шинэ эх үүсвэрүүдийг барих ажилтай зэрэгцүүлэн дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэхийг Эрчим хүчний яамнаас хүслээ. Мөн нийслэлийн зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхийн тулд Амгалангийн дулааны станцыг өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.