“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн онд татварын орлогын 15 хувийг бүрдүүлжээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэн “САЙН” үнэлгээтэйгээр баталлаа. Хурлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр даргалж, гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнгөрсөн оны үр дүн болон 2026 оны зорилтыг танилцуулав.
Тайланд дурдсанаар, тус нэгдэл 2025 онд:
12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого
1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг
4.1 их наяд төгрөгийн татвар
3.4 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлжээ.
Мөн “Эрдэнэс Монгол” нь улсын хэмжээнд татварын орлогын 15 хувь, экспортын орлогын 22 хувь, гадаад валютын албан нөөцийн 49 хувийг бүрдүүлсэн байна. Үндэсний баялгийн санд 2024-2025 онд нийт 1 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс Хуримтлалын сангаар дамжуулан мянга мянган өрхийг ипотекийн зээлд хамруулжээ.
2026 онд нэмж 5000 өрхийг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлж, “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн 194.6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан нь онцлох ажлуудын нэг байв. Байгаль орчны хүрээнд Хархорум хот орчимд 538 мянган мод тарьж, геологи хайгуул болон ховор ашигт малтмалын чиглэлд бодлогоо тодорхойлжээ.
2026 онд орлого, экспортыг нэмэгдүүлэх, стратегийн төслүүдийг эрчимжүүлэх, хайгуулыг өргөжүүлэх, засаглалыг шинэ шатанд гаргахаар зорьж байгааг удирдлагууд онцоллоо. Хурлаар мөн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төслүүдийг гацаанаас гаргах чиглэлд “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлан ажиллахыг тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.