Алтыг хууль бусаар хил гаргаад байгаа эсэхийг шалгуулахаар ТЕГ-т хандсан гэж ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы танхимд хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Өнөөдөр төв банканд 4 тонн хүрэхгүй алт тушаагдсан байна. Манай улс 20 тонн алт олборлодог байсан. Дэлхийд алтны ханш түүхэн дээд хэмжээндээ байна. Иймд алт олборлолтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө бэхжүүлэх зорилго тавьсан. Түүнчлэн хууль бус олборлолтыг хумих, байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг тусгасан. Ашигт малтмалын газар хяналт тавьж ажиллана. Дэлхийд өндөр үнэтэй байгаа энэ үед манайд тушаалт буурч байгааг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Алт III аяны хүрээнд хууль бусаар экспортлох үйл явцад хил гаалийн хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээг авах талаар оруулж ирсэн. Манай улс хайгуулын салбараа удаан хугацаанд барилаа. Нийт нөөцийн 85 хувь нь үндсэн орд, үлдсэн нь шороон орд бүрдүүлж байдаг. Алтны том ордуудад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Алтны үнэ бага байх үед ашиггүй гэж үзсэнээс олборлолт эрс буурсан юм билээ. Хайгуулаа нээх ёстой. Алт аянаа явуулах ёстой. Байгаль орчноо хамгаалах бодлогын хүрээнд тус ажлыг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.