СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-22

Төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь намын бүлгүүд "хүлээн зөвшөөрчээ"

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан билээ.

Уг асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд авч хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг "Хүлээн авах нь зүйтэй" гэж үзжээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан. 

УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,

90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.

90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.

90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.

90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заажээ.

Намын бүлгүүд хоригийг хүлээн авсан учраас одоо Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж, хориг хэлэлцэх бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.