Хөвсгөл нууранд гурван хүн живж амиа алджээ

Хөвсгөл нууранд сэлэхээр орсон 24-45 насны гурван эрэгтэй живж, амиа алджээ.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/  Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 07.24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нуурт живж нас барсан байжээ. Эдгээр иргэдийн цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

2024 он гарсаар 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн /том хүн 60, хүүхэд 14/ осолдож амь насаа алдсан байна.

Онцгой байдлын алба хаагчид 16 хүн /том хүн 9, хүүхэд 7/-ний амь насыг авран хамгаалжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.