СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-22

Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өчигдөр ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүллээ.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн.  Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түр сонсголыг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулна. Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ. Төсөл арга хэмжээ, шийдвэр, түүний үндэслэл, сонгон шалгаруулалт гэх мэт асуудал багтана” гэв.

Шинжээч:

 -Засгийн газраас "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна.  Засгийн газар 2022 онд Ж.Сүхбаатарыг түгжрэлийн сайдаар томилсон. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан. Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан. Ингээд 2023 онд “Евро-5” хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэхээр Хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтын эрхийг даалгасан байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ чиглэлээр гаргадаг нь ямар учиртай юм бэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ.

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо.

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар:

-Нийтийн тээврийн парк шинэчлэл Засгийн газрын ажил биш байсан. Нийслэлд өгсөн төсвийг надад өгөх гэж байсан. Би хүлээж авахгүй гэсэн. Тэрнээс биш бодлого нь хотын нийтийн тээврийн асуудал үргэлжилж байгаа асуудал. Өмнөх 2022 оны ажил гүйцээгээгүй явж байгаад над руу мөнгө нь тавигдсан. Шинжээч хууль зөрчсөнийг тогтоохгүй л дээ. Тийм байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргах байх. Шинжээч оролцож байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Зөрчсөн байна гээд мэдээлж байгаа. Хуулийн байгууллага биш. Шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байгаа. Өмнө нь Засгийн газар дээр хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж танилцуулж байсан юм билээ. Тэр хуулийн 3.4 зүйл ангиар олон худалдан авалт хийсэн олон газар байдаг.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Тов тодорхой хулгай хийгээд хуучин автобус оруулж ирчихээд ямар том байна аа. Ямар даналзуур юм бэ. Тайлбарууд бол үндэслэл байхгүй шүү. Сангийн яам мэргэжлийн мэдлэгтэй байгаарай. Би 2000 онд Худалдан авах ажиллагааны тухай хуулийг орчуулж, батлуулж байсан. Хянан шалгах процессыг өөрөө бичиж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй, батлан хамгаалах яамны тоног төхөөрөмж байдаг болохоос биш бусдыг нь нууцалдаггүй юм. Цэрэг зэвсэг гэх мэт. Явц дундаа хулгай хийхийн тулд нууцын жагсаалтыг нэмж, байшин барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж. Тийм юм байхгүй шүү Д.Мөнх-Эрдэнэ ээ. Бид "евро-5" стандартыг заасан мөртлөө "евро-2" автобус оруулж ирсэн юм бэ. Нийслэл ТЕГ буруутай гэдэг. Асуудал эрхэлсэн сайд нь эрхээ шилжүүлсэн гээд байдаг. Гэтэл хуучин автобус үнэтэй орж ирж, нууцалсан.

Сангийн яамны төлөөлөл:

-Нийтийн тээврийн автобус худалдан авах асуудал түгжрэлийг бууруулах ажилд хамаарах бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах үндэслэл тодорхойгүй байна гэсэн. Албан бичгийн доод хэсэгт хуулиар төрийн нууцад хамруулах шаардлагатай гэж захиалагч үзсэн бол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх боломжгүйг мэдэгдэж байна гэсэн байгаа.

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар:

-Таны хэлдгээр би эрхээ шилжүүлсэн. Нийтийн тээвэр хариуцдаг сайд биш. Мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй ч хуучин автобус гэж хэлж болохгүй. Шүүх дээр тогтоогдоогүй. Тодорхой үзүүлэлтэд хүрэхгүй байна гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт,  ХҮН намын төлөөлөгчийг ногоон автобустай танилц гэдэг хүсэлт тавьсан. Би танай намын хэдтэй хамтран ажиллаж, газар дээр нь ажиллах боломжийг хангасан. Бүх юм бүтэлгүйтээгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Шинжээчийн дүгнэлт, нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсан. Хэдэн байгууллага бие бие рүүгээ чихээд замхрах юм байна лээ. Хамгийн гол нь үр дагавар дээр эмзэглэж байна. Энэ их мөнгийг хотын асуудал шийд гээд өгч байхад шийдсэн ч юмгүй. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд яаж өвөлжив. Шууд хохирол гэвэл 420 тэрбум байтугай хохирол учирч, эрүүл мэндээрээ хохирсон.

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү:

-Манай талаас гэрээ байгуулахдаа "евро-5" хөдөлгүүртэй автобус худалдан авна гэсэн. Тэр автобус ирнэ гэж ойлгож байсан. Ийм ийм стандартыг хангасан автобус авах ёстой. Тэрийг "евро-2" хөдөлгүүртэй болгох асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргаас тагнуулын байгууллага руу төрийн нууцад хамруулж өгөөч гэсэн бичиг явуулаагүй. ТЕГ-аас энэ нууцад хамруулсан асуудал мөн гэж хариулаагүй. Нийтийн тээврийн салбар өндөр эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтийг тухайн нөхцөл байдалд хийсэн. Нууцад хамруулж, гэрээ хийсэн гэх ойлголт байхгүй шүү гэлээ.

Ногоон автобусны худалдан авалтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 102 (7346)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.