АНАЛИЗ: Ц.Элбэгдоржийн 700 мянган доллараар авсан гэх Америк дахь хаус
"Монгол төрийн тэргүүний сэнтийд найман жил сандайлан суусан Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн оффшор бүс дэх хөрөнгө илэрлээ. Тодруулбал, АНУ-ын Бостон хотод 700.000 ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин Ануужингийн нэр дээр авсан нь баримтаар нотлогджээ" гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай сүүлийн үед ихээхэн ярьж бичих болов. Сонгуультай холбоотойгоор түүнийг тойрсон сэдэв идэвхжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн луйвар, ХХБ-ны "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй нийлсэн нийцэл, түүний томилсон шүүгчид авлигын хана хэрмийг хамгаалж байгаа тухай, С.Зоригийг хөнөөсөн хэргийн цаад захиалагч, эцэстээ АНУ дахь 700 мянган долларын хаус...
Энэхүү "Анализ"-аар түүний гэм бурууг шүүхгүй. Уншигч олон түмэн шүүн тунгаана. Цаашилбал, шүүн тунгааж сонгуульд дүн тавина. Учир нь 2024 оны УИХ-ын сонгууль дуустал Эбэ гэдэг хадны мангаагийн үүх түүх цувах шинжтэй болчихлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023.02.28 буюу өнгөрсөн жилийн Цагаан сараар Ц.Элбэгдоржийн тухай жинтэйхэн дуугарсан. Тэрбээр "С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой" хэмээн ярьсан байдаг. Харин саяхан сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Авлигын шүүх байгуулах гээд байгаа нь Ц.Элбэгдоржтой холбоотой, түүний хэрэг шүүх дээр найман жил гацаж байгаа нь томилсон шүүгчид нь хүчтэй байгаагаас үүдэж байна гэхчлэн ярив.
Ямартай ч Ерөнхий сайд маань "Эбэ" гэдэг хөзөртэй сонгуульд орох нь тодорхой болж байна. Энэ бол Х.Баттулга олон жилийн турш Ц.Нямдорж, Сү.Батболд гэдэг хөзөртэй сонгуульддаг байсантай агаар нэг юм. Женко судлаач Д.Ганхуяг хүртэл "Н.Энхбаяр авилгын загалмайлсан эцэг бол Ц.Элбэгдорж төрийн системт авилгын загалмайлсан эцэг" хэмээн дүгнэлээ. Энэ нь цаагуураа Х.Баттулга Ерөнхий сайдад галын дэмжлэг үзүүлж байна гэсэн үг л дээ.
Ц.Элбэгдоржтой холбоотой олон ч материал шил шилээ даран гарна. Уншигч түмэн үзэх юмтай, хариад ярих юмтай болно. Тэр хэрээр сонгуулийн санал савлана. Ц.Элбэгдорж ч "Олуулаа" клубээ сэргээгээд амжсан. Хариу сум тавина гэсэн үг. Ийм л үйл явдал улс төрд өрнөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.