Хаваржилтын нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өгөв.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Өнгөрсөн арав хоногийн нөхцөл байдлын мэдээгээр хоёрдугаар сарын 22-ны байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаан зудын үнэлгээтэй байв.
УОК-ын гуравдугаар хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 анги нэгтгэлээс 214 цэргийн алба хаагч, 21 нэгж техниктэйгээр Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 суманд цасанд боогдсон, дарагдсан малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комисс, төрийн цэргийн байгууллагууд, ААН-ээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслийн хүчээр 88.334 километр зам гаргажээ. Мөн гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 3,089,420 мал хорогдсон дүн мэдээтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.