Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болжээ.
Нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс “D” ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулжээ.
Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна
2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна.
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэнэ.
Далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө. Тодруулбал,
- Нийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах
- 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулах
- Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангах
- Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгыг эхлүүлэх бэлтгэл хангах
- Барилга угсралтын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх
- Шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Гал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах
- Нийслэлийн төсвийн орлогыг нэмж, орлогын эх үүсвэрийн суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгажээ.