СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-30

Л.Оюун-Эрдэнэ: Авлигачид "Л.Оюун-Эрдэнэ удахгүй зайлна" гэж томилсон шүүгч нартаа захиж байгааг би мэдэж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа. 21 аймгаар ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны 30 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар илэн далангүй ярилцлаа.  

Үг хэлсэн хүмүүсийн дундаж нас 60 байлаа. Нэг үгээр хэлбэл, 30 жилийн өмнө тэд 30 гаруй насны залуучууд байжээ. 30 жилийн тэртээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр улс төрчид, тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж, эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна. Усны эх булингартай бол адаг булингартай гэдэг. Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг тэд илэрхийлж байна. Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэж байна.

Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон байна. Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсныг хэлж байна. Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.

Гэвч иргэд өөрсдөдөө гэхээсээ үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна. Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байна. Нэг үгээр хэлбэл, аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.

30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.

Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна хэмээн надад шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан. Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ. Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. 

Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. . Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна.

Малчны хотонд гаанс нэрэн шинжих нүүдэлчин хөх өвгөдийн гярхай нүд, чонон мэдрэмж, хэрсүү зангаас Та бүхэн удаан бултаж чадахгүй гэдгийг хэлье. Тэр мэдрэмжүүдийн нийлбэр нийгмийн нэхэл хатуу дүгнэлт болон төлөвшдөг юм шүү. Энэ л мэдрэмжийг Санжаасүрэнгийн Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж илэрхийлсэн биз ээ.

Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан. .

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан. Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.

Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ! Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.

Ерөнхий сайд Пунцагийн Жасрай гуай нэгэн цагт “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлсэн шиг Монгол Улсын эдийн засагт 2012 оны үед байсан эдийн засгийн огцом өсөлт эргэн ирж байгааг олон судлаач хэлж байна. 
Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.  

Мэдээж эмнэлэгт удаан хэвтсэн хүнийг шууд босгож, хүнд туухайтай дасгал хийлгэж болохгүй шиг эдийн засгийн өсөлт өрхийн түвшинд бүрэн мэдрэгдэхэд тодорхой хугацаа орно. Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.
Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна.
Харин бид 2012 оны боломжийг алдсандаа нийгмээрээ дүгнэлт хийх учиртай.

Энэ л агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.