?LIVE: Б.Бадамцэцэг: Гадаад улс руу эмчилгээнд явбал үр хүүхэд нь эмчлэгдэнэ гэдэг ч үнэндээ тийм биш
Дөрвөн мөчний саажилтай Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг өнгөрсөн жилийн өдийд Монголын ард түмнээс хандив аван Солонгос улсыг зорьсон байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаараа олон нийтэд мэдээлэл өглөө.
Б.Бадамцэцэг:
-Миний охин аавтайгаа Солонгос улсад эмчлүүлж байгаа. Тус улс руу эмчилгээнд явчихлаа гэхээр хүмүүс эмчлэгдээд зүгээр болно гэж боддог. Үнэндээ тийм биш. Солонгос улс руу явахад /С-3-3/ гээд эмчилгээний виз гардаг юм байна. Энэ визээр гараад очиход G1 ангилалтай болж хувирдаг. Үүнийг зургаан сараар сунгаад явдаг журамтай.
Түр оршин суух боломжтой энэ визийг авсан тохиолдолд Солонгост очоод ямар ч тусламжид хамрагдахгүй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй юм билээ. Танай хүүхэд нялх байна. Бид нар тусламж дэмжлэгт оруулъя гэсэн боловч манай улсын визийн ангилал болдоггүй.
Энэ асуудлаар ерөнхий сайд, эрүүл мэндийн дэд сайдад хэлсэн. Ажлын журмаар Солонгост ирэхэд нь G1 визийн тухай асуусан удаатай. Гэвч гаргалгаа одоог хүртэл алга.
Онгоцонд хүчилтөрөгчийн аппарат авч явахад хэцүү. Дандаа гадаадын авиа компаниар нисэх болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн гадаад улс руу зорчих бол тасалбарын үнийг 50 хувь хөнгөлнө гэдэг ч энэ хөнгөлөлтийг эдлэх гэхээр бичиг сачиг хөөцөлдөхөд 14 хоног болдог.
Энэ улсад бодлого байхгүйд харамсаж байна. Миний хоёр хүүхэд ямар нийгэмд үлдэх вэ гэдэгт айж байна. Эрүүл мэндийн салбар хөгжиж байгаа гэдэг. Энэ улсыг 30 жил хөгжих гээд байна гэдгийг сонсож байна. Яасан хөгждөггүй юм бэ. Мөнгөний үнэ ханш өдөр бүр унаж байна.
Эрүүл аюулгүй амьдрах орчинг төр хариуцна гэсэн эрх хэрэгжиж чадахгүй байна. Гадаадад эмчлүүлж байгаа хүүхэд, эцэг, эхчүүдэд улсаас ямар ч дэмжлэг байдаггүйд харамсаж байна.
Бидний төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгө, нийгмийн даатгалын мөнгө хаана байна вэ. Өөрийнхөө цалин хөлснөөс өгчхөөд яагаад өвчин зовлонтой болоход даатгалын мөнгө олгодоггүй юм бэ. Яг үнэндээ энэ даатгалын мөнгөөр тансаглачихсан байна. Янз бүрийн сангаар дамжуулаад авчихжээ.
Зөвхөн бие махбодоор хүчирхийлүүлсэн, хүчиндүүлсэн явдлыг хүчирхийлэл гээд байгаа юм уу. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч "хүчирхийлж" байгаа.
Тэдэнд эмийн олдоц муу, асаргааны мөнгө 288 мянган төгрөг, ээжийн асаргаа 123 мянган төгрөг. Үүнийг нэмчихлээ гэж ярьж байна. Ердөө 37 мянган төгрөгөөр л нэмж байна.
Өнөөдөр 37 мянган төгрөгөөр Монгол Улсад ирээд хоёр өдрийн мах ч авч чадахгүй байна. Асуудалд шийдэл хайхгүйгээр жижиг жижиг зүйлсээр хаацайлж өнгөрөөдөгт харамсаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.