?LIVE: Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зурагт самбар, ухуулагч нарын тоог багасгаж, хямд зардлаар зохион байгуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт парламентад суудалтай гурван намын төлөөлөл орж ажиллаж, нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байгаа. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 4-т заасны дагуу бид зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах үүрэгтэй. Тодруулбал, сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Ийнхүү гурав дахь өдрийн Засгийн газрын хурлаар санал авч, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байна.
Сонгуулийн хуультай холбоотой дараах таван өөрчлөлтийг оруулахаар ярьж байна.
- Сонгуулийн холимог тогтолцоогоор өргөн барихаар тогтож байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорциональ буюу намын жагсаалтаар байх юм.
- Сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн өөрчлөлтийг оруулна. Нэг ёсондоо, зурагт самбар, ухуулагч, шадар туслахуудын тоог багасгаж, хямд зардалтай сонгууль зохион байгуулах
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авах
- Улс төрийн намуудад тавих босгыг 3 хувь байлгах.
- Нэр дэвшигчдийн нэг хүйсийн эзлэх хувь 30 хувиас доошгүй байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Үндсэн хуулийн цэц 01 тогтоол гаргасан бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байдаг. Өмнө нь сонгуулийн тогтолцоог хэд хэдэн удаа өөрөөр шийдэж ирсэн. Холимог тогтолцоо бол одоо нээлттэй. Үндсэн хуулиар гишүүдийн тоо 76 байгаа. Энэ дагуу 38, 38 гэдгээр хуулийн найруулгад өргөн барьсан. Намаас нэр дэвшиж байгаа бол нэрсийн жагсаалттай байх бөгөөд сонгогч санал өгөхдөө намыг болон нэр дэвшигчийг харах юм.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газар энэ долоо хоногт саналаа өгчихвөл ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.