?LIVE: М.Цогтбаатар: Хүүхдээ эхлээд босгож авъя, хойд эцгийн хэрэг нь дараа нь шийдэгдэх асуудал
Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд, ухаан оролгүй 14 дахь хоногтоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 14 хонож буй хүүг гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага үүсжээ. Иймд ард түмнээсээ хандив гуйж, олон нийтэд хандахаар шийдсэн байна.
Нагац ах М.Бямбацогт:
-Хүүгийн биеийн байдлын хувьд амьсгалын аппаратаас салсан, муу зүйл арай холдсон, ухаан бүрэн ороогүй байдалтай байгаа. БНТУ-ын хэд хэдэн эмнэлэг рүү оношийг явуулсан. 120-150 сая төгрөг хэрэгтэй болов уу гэсэн тооцоо байна. Дутаж ч магадгүй, илүү гарч ч магадгүй. Би бүтэн сайнд Турк рүү нисэх гэж байгаа, явахдаа CD-г нь авч явна. Хэрэв мөнгө нь ороод ирвэл өнөөдөр ч хамаагүй явмаар байна. 1-2 эмч цуг явна гэсэн.
-Хойд эцэгтээ зодуулсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажил ямархуу ахицтай яваа бол?
-Хойд эцэг ч гэнэ үү, цагдаагийн байгууллагын аль алинтай нь холбогдохыг хүсэхгүй байна. Эхний ээлжинд хүүхдээ босгож авмаар байна. Дараа нь хуулийн байгууллага нь шийдэх байлгүй дээ.
Хохирогч хүүгийн аав М.Цогтбаатар:
-Бид хоёр салсан ч хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Хүүхдүүдтэйгээ байнга холбогддог байсан. Хүүхдүүдээ нялх байхад нь бид хоёр, хоёр тийшээ болсон. Том хүүтэйгээ би саяхан цуг байсан юм. Цагаан сарын өмнө "Би ээжтэйгээ баймаар байна" гэхээр нь "Миний хүү ээж, дүү хоёртойгоо хамт бай байгаарай. Аав нь хөдөө ажилдаа явчихаад ирье" гээд өгсөн. Харийн хүнд үлдээж байхаар ээжтэйгээ үлдсэн нь дээр шүү дээ.
-Бага хүүхдийнхээ нөхцөл байдлын талаар мэддэг байсан уу?
-Намайг уулзуулдаггүй байсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. "Би хүнтэй сууж байгаа. Тэр хүнийг аав аа гэдэг болсон" гэдэг байсан. Тийм болохоор нь хүний амьдралд саад болоод яах вэ гээд хүүхдүүдтэйгээ утсаар ярьж, видео колл хийгээд л явдаг байсан. Ярих бүрт ээж нь 100,200 мянган төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тэр бүрд нь өгдөг байсан.
Энэ хэрэг гарсны дараа харин том хүүгээсээ "Таны өгсөн мөнгөөр бид хоёрын дунд нэг чипс авч өгчихөөд, өөрсдөө архи дарс гоё юм авдаг байсан" гэдгийг дуулсан.
Анх болсон процессийг хүн бүр л мэддэг болсон байх. Ийм юм болчихоод байхад л ээж нь тэр хүнээ хаацайлаад байгаа. Хэрэг гарсны дараа Гэмтэл дээр ирээд хүүхдээ харахад зүүн талын шанаа нь битүү хөх няц болчихсон, баруун гар нь хугарчихсан байсан. Ийм байхад яагаад хэд хоногийн дараа эмнэлэгт авчирсан, яагаад тэр хүнийг өмөөрөөд байгааг ойлгохгүй байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.