Хаан банк: Иргэн Г.Ган-Очирын дансанд мөнгө орлогодсон, зарлагадсан зүйл огт байхгүй

Иргэн Г.Ган-Очир өчигдөр /2022.12.12/ жүжигчин У.Цогтбаяртай цахимаар ярилцахдаа "Миний ХААН банкны дансанд 9.9 их наяд төгрөг шилжиж орсон" хэмээн дурдсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хаан банкны удирдлагууд дараах тайлбарыг өглөө. 

Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:

-Өчигдөр /2022.12.12/ иргэн Г.Ган-Очирын оролцсон цахим лайвтай холбоотой тайлбар өгье.

Хаан банк нь үйл ажиллагаандаа монгол улсын хууль, тогтоомжийг мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг дэмждэггүй болохоо мэдэгдье.

Банк нь монгол улсын хууль, тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагуудаас ирсэн тухайлсан харилцагчийн дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа.

Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш. Дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоороо хязгаарласан гэсэн үг.

Харилцагчаасаа зөвшөөрөл авалгүйгээр тухайн данстай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй.

Хаан банкны нийт актив хөрөнгө 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 13.4 их наяд төгрөг байна. Иймд нэг харилцагч дээр тийм хэмжээний мөнгө гарах боломжгүй.

20 сая төгрөгөөс дээш гүйлгээ Монголбанк болон Санхүү мэдээллийн төвд тайлагнагддаг. Мөнгөн дүнгийн хувьд тийм их хэмжээний гүйлгээ хийгдэх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.